Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улиастай хотод бүтээн байгуулалтын ажлууд хийж буй гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, Жаргалант, Чигэстэй багийн цэвэр усны шугамын өргөтгөл, бохирын шугам шинээр тавих ажлын тендерт “Ган” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн байна. Дээрх багуудын бохирын хуучин магистрал шугам нь өвөлдөө хөлддөг тул арваннэгдүгээр сараас хойш сургууль, цэцэрлэгийн бохир ажиллахгүй болж хүүхдүүд гадаа бие засдаг байна. Хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд гурав, есдүгээр цэцэрлэг, ХХААГ-ыг бохирын шугамд холбосноор шугамын траст ойролцоо айл өрхүүд бохирын шугамд холбогдох боломжтой болох юм. Мөн цэвэр усны шугамын өргөтгөл хийгдсэнээр дээрх байгууллагууд байнгын усан хангамжтай болно.
Цэвэр, бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй Товцог багт улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бохирын магистрал шугам хийлгэхээр “Зуурмаг” ХХК-тай гэрээ байгуулсан байна. Хаус хороолол бохирын нэгдсэн шугамд холбогдсон бөгөөд дулаан, цэвэр усыг энэ зундаа багтаж холбохоор төлөвлөжээ.
Богдын гол багийг нэн тэргүүнд бохирын шугамд холбох шаардлагатай бөгөөд бор дүнзэнгийн хуучин байруудыг холбохоор 80 сая төгрөг шийдвэрлэж, тендерт шалгарсан компани энэ жилдээ ажлаа эхлүүлж дуусгахаар гэрээ байгуулсан байна.
“Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажлууд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Улиастай суманд улсын төсвийн 9.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жилээс “Гудамж” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд төв гудам дагуу дөрвөн эгнээ хатуу хучилттай авто зам, ногоон хашаа, Улиастай захын урд уулзвараар хоёр эгнээ хатуу хучилттай авто зам, явган хүний зам, унадаг дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн цогц бүтээн байгуулалт хийгдэх юм. Бүтээн байгуулалтын явцад 15 хэсэгт шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан 73 асуудал гарсныг тодорхой хугацаанд шийдвэрлэх төлөвлөгөө гаргаж ажилласнаар нэгдсэн шийдэлд хүрчээ.
Гэрээгээр аравдугаар сарын 1-ний өдөр бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Аймгийн Засаг дарга “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, улсын баяр наадмаас өмнө 95 хувийн гүйцэтгэлтэй ажиллахыг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.
Ачаалал ихтэй хэсгүүд болох төв гудамж, ногоон хашааны хэсэг, дөрвөн замын уулзвар, Улиастай захын урд хэсгүүдийг хэсэгчлэн хаах замаар бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгах чиглэл өглөө.
Эх сурвалж: http://zavkhan.gov.mn/