Элчин сайд Л.Дүгэржав итгэмжлэх жуух бичгээ барив

elchin_said_dugerjav2_juux   Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав 7 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Элчин сайд Л.Дүгэржав нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Ерөнхийлөгч Р.Плевнелиев Элчин сайдыг тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилогдон, үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэн,  хоёр орон олон жилийн уламжлалт, найрамдалт харилцаатай улс бөгөөд найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа хоёр орны ард түмний эрх ашгийн тусын тулд жилээс жилд улам өргөжүүлэн хөгжсөөр байгаад сэтгэл нэн таатай байна гэв.

Элчин сайд Л.Дүгэржав Ноён Ерөнхийлөгч Росен Плевнелиевт талархал илэрхийлэн, Монгол, Болгар хоёр улс эртний уламжлалт найрамдалт харилцаатай бөгөөд одоо ч гэсэн шинэ агуулгаар баяжиж, хоёр улсын ард түмний эрх ашгийн төлөө улам өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр хоёр улсын төрийн тэргүүнүүд харилцан айлчлал хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ноён Ерөнхийлөгчтөй 2012 онд  АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахдаа хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар олон чухал санаа дэвшүүлснийг миний бие хэрэгжүүлэн ажиллах болно гэжээ.

Түүнчлэн энэхүү завшааныг ашиглан Ерөнхийлөгч Р.Плевнелиевыг манай оронд тааламжтай цагтаа зочлон ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг түүнд уламжлав гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …