Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг тогтоов

niislelin hural  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх нийтлэг журам”-ын дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай”, “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралт хүснэгтэд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргалаа.

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой компаниудын 2012 оны цэвэр ашгаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан танилцууллаа. 2012 онд нийслэлийн Өмчийн харилцааны газартай гэрээтэй  48 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 9 төсөвт үйлдвэрийн газар, менежментийн гэрээтэй орон сууц, нийтийн аж ахуйн 2 үйлдвэрийн газар, нийслэлийн өмчийн оролцоотой 2 хувьцаат компани, 6 хязгаарлагдмал компани нийт 67 байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр 67 байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлээр нийт 142,9 тэрбум төгрөгийн орлого олж, 156,5 тэрбум төгрөгийн зардалтай ажилласан байна. Тиймээс “Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх нийтлэг журам”-ын дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоон баталлаа.

Шаардлага хангахгүй барилгуудыг өмчийн бүртгэлээс хаслаа

Сонгинохайрхан дүүргийн  2, 3, 9, 11 дүгээр хорооны цогцолбор барилга, Хан-Уул дүүрэгт байрлах Ус сувгийн удирдах газрын эзэмшлийн  барилгыг нийслэлийн Өмчөөс хасах тухай асуудлыг Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа. Сонгинохайрхан дүүргийн хороодын цогцолбор барилгуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009 оны 11-303/1647, улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн 2013 оны 02-01-90/1106 тоот дүгнэлтүүдийг үндэслэн нурааж, шинээр барихаар болсон юм. Хан-Уул дүүргийн 9-р хороонд байршилтай “Ус сувгийн удирдах газар”-ын эзэмшлийн барилгыг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын цэвэр усны 20 худаг, 2 усан сан, насос станцын барилгыг шинээр барихтай холбогдуулан нийслэлийн өмчөөс хасахаар боллоо.

“Байгалийн ургамлын генобанк” барилга баригдана

Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 114 дугаар  тогтоолын хавсралт хүснэгтэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Ботаникийн хүрээлэнгийн эзэмшилд байгаа ботаникийн цэцэрлэгийн талбайн хэмжээнд өөрчлөлт тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл танилцуулсан юм. Ботаникийн цэцэрлэг нь  34,9 га газрыг эзэмшдэг бөгөөд талбайн хэмжээг 24,9 га болгон өөрчлөх саналыг тэрээр оруулсан юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгээс гаргасан “Байгалийн ургамлын генобанк барилга” барих хүсэлтийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө ба байршлын схемийг баталжээ. “Байгалийн ургамлын генобанк” барилгын санхүүжилт 2013 оны улсын төсөвт туссан бөгөөд 16,9*42 метрийн хэмжээтэй А блок, 18*43 метрийн хэмжээтэй Б блок гэсэн төмөр бетон каркасан хийцтэй, 1482 м.кв талбайтай 2 давхар барилга баригдах юм. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд Ботаникийн цэцэрлэгийн Баянзүрх дүүрэгт хамаарах талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахыг дэмжин тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …