Сонгуулийн өмнөх хаврын энэ урт өдрүүдэд монголын улс төрийн нөхцөл байдал тун сонирхолтой байдлаар өрнөх нь. Өнгөрсөн өдрүүдэд ХҮН болон зарим намуудын нэгдэх, нийлэх асуудал эрчимжиж олны анхаарлыг татаж байсан бол тун удахгүй МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудал дахин анхаарлын төвд орж ирэх бололтой. Саяхан МАХН-ын зарим эх сурвалжууд АТГ-аас Н.Энхбаярыг “дуудсан цагт ирэхгүй бол баривчлана” гэсэн бичиг ирүүлсэн гэж мэдээлж байсан. Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Н.Энхбаярыг ямар нэгэн байдлаар баривчлана, хорино гэх утгатай занал хийсэн шинжтэй албан бичиг АТГ-аас хүргүүлээгүй” гэдгийг онцоллоо. Харин АТГ-аас Н.Энхбаярт хоёр ч хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд хэргүүд нь мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэж мэдээлсэн юм. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Г.Шийлэгдамба сайдын хэрэг болон намын байрны асуудлуудаар дахин шалгаж эхэлжээ. Мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд Н.Энхбаярт 4-5 удаа зарлан дуудах хуудас явуулж дээрх хэргүүдэд тайлбар авах гэсэн боловч тэрбээр нэг ч удаа ирээгүй юм байна. Өөрөөр хэлбэл МАХН-ын даргыг тайлбар өгөхийг шаардаж зарлан дуудах хуудас явуулж байсан болохоос ямар нэгэн байдлаар “ирэхгүй бол баривчлана” гэж сүрдүүлсэн, занал хийсэн утгатай албан бичиг явуулаагүй аж.
АТГ-аас Г.Шийлэгдамбыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажлын өрөөнөөс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан. Түүнийг ажлын өрөөндөө 500 сая төгрөг авлигад авах гэж байхад нь үйлдэл дээр нь саатуулсан тухай хэвлэлээр цацагдсан юм. Гэвч хоригдож байхдаа биеийн байдал нь муудаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хоёр оны зааг дээр батлан даалтад гарсан юм. Үүнийхээ дараа тэрбээр ил захидал илгээж, захиандаа мөнгийг авах байсан “цаад эзэн” хэн байсныг илчилж орхисон. Тодруулбал, “Уг мөнгийг намын санхүүжилтэд зориулж авсан. Санхүүжилт олж ир, чадахгүй бол ажлаа өг гэж Н.Энхбаяр дарга байнга шахдаг байсан. Эхний ээлжинд авсан мөнгөө намын даргадаа өгсөн. Үлдсэн мөнгийг нь ч гэсэн өгөх байсан” гэж намынхаа даргыг тэрхүү авлигын мөнгөний хэрэгт холбоотой гэж олон нийтэд мэдээлэв.
Улмаар Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байсан Г.Шийлэгдамбын хэрэг түүний хэлсэнтэй холбогдуулан дахин шалгах шаардлагатай гэж АТГ-т буцаагдсан юм. Өөрөөр хэлбэл, Г.Шийлэгдамбын хэлсэнчлэн түүний хэрэгт Н.Энхбаярыг холбогдуулан шалгаж эхэлсэн. Харин АТГ-т ирж өөрийн холбогдоод буй хэргүүдэд тайлбар өгөхийг сануулж 4-5 удаа дуудсан ч очоогүй бөгөөд ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа нь хачирхалтай. Ингэснээр тэрбээр Монгол улсын хуулийг үл хүндэлж буйгаа харууллаа гэхэд болно. Учир нь хуулийн байгууллага нь хэрэгт холбоотой гэж үзсэн хүн бүрийг дуудан албан ёсоор тайлбар авах эрхтэй. Иргэд ч дуудсан цагт нь очин байцаалт, тайлбар өгөх үүрэгтэй. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярт эдгээр хуулиуд үйлчилдэггүй бололтой.
Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаяр батлан даалтад байгаа аж. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр нь АТГ-т хоёр ч хэргээр данслагдаад буй. Хоёр дахь хэрэг болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг АНУ-ын иргэд Гинсбургээс худалдан авахдаа залилан мэхлэх аргаар худалдаж авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан гэж эрүүгийн хэрэг үүсгээд буй. Энэхүү хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар батлан даалтад авсан байгаа аж. Тиймээс АТГ-аас дуудсан цагт ирэхгүй байгаа талаар Ц.Цолмон болон З.Баянсэлэнгэ нарт мэдэгдсэн ч бас л тодорхой хариу өгөхгүй өдийг хүрчээ. Өөрөөр хэлбэл намын дарга нь ч хууль биелүүлэхгүй, намын гишүүд нь ч хууль биелүүлэхгүй байгаа аж. Магадгүй Н.Энхбаяраас өөр аавын хүү байсан бол дуудсан цагт очиж мэдүүлэг өгөх нь ойлгомжтой. Гэвч МАХН-ынхан ямар шалтаг, шалтгаанаар хуулиас дээгүүр ийнхүү аашилж байгаа нь ихээхэн ойлгомжгүй байна.
Хэрэв батлан даалтад авсан хүн хууль зөрчсөн тохиолдолд батлан даагчид хариуцлага хүлээх хуультай. Тэгэхээр Н.Энхбаяр АТГ-т очиж тайлбар өгөхгүй байгаа нь өөрийгөө төдийгүй Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нарыг ч хүндхэн байдалд оруулаад байгаа гэнэ. Ц.Цолмон болон З.Баянсэлэнгэ нар ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Н.Энхбаярыг АТГ-т аваачиж мэдүүлэг өгүүлэх үүрэгтэй. Гэтэл мөн л хуулийн байгууллагыг үл тоомсорлож яваа аж.
Н.Энхбаяр хуулийг үл тоон АТГ-ын байцаагчдыг дуудсан цагт нь очихгүй байгаа нь хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг удаашруулж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй намын залуус нь АТГ-т шаардлага хүргүүлж удирдлагуудынхаа хэргийг шалгахгүй байх, хэргийг нь хэрэгсэхгүй болгохыг удаа дараа шаардаж яваа. Тэр ч байтугай жагсаал цуглаан зохион байгуулж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж эхэлсэн. Хэрэв тэдний энэ байдал удаан үргэлжилвэл хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа доголдож, хуулиас давсан эрх мэдэлтэй хүмүүс Монгол төрийг гутаан доромжлох цаг удахгүй ирэх биз. Ямар ч байсан Н.Энхбаяр хуулийн байгууллагын шаардлагыг биелүүлэх нь зүйтэй. Эс бөгөөс түүнийг батлан даалтад авсан сайд нар хэцүүхэн байдалд орох нь ойлгомжтой. Дашрамд дурдахад ойрын өдрүүдэд АТГ-аас Н.Энхбаярын асуудлаар мэдээлэл хийж болзошгүй гэж зарим эх сурвалжууд таамаглаж байна.
2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хууль шүүх дуудсан бол хэнбугай ч байсан зангиагаа засаад гутлаа өмсөөд очих ёстой” гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр руу чиглэсэн үг хэлж байсныг энд дахин сануулах нь зөв байх. Ямартаа ч Н.Энхбаяр АТГ-т дахин шалгагдаж эхэлсэн нь тодорхой боллоо.
Эх сурвалж: zaluu.com