“Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн өчигдөр нийслэл болон Дорнод, Ховд, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг боллоо. БХЯ, ЗХЖШ-аас “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжүүлж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. Харин энэ жил “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд гол онцлогнь орон нутагт хэрэгжүүлэхээр болсон юм.
Их, дээд сургуультай орон нутгийн удирдлагууд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг нь орон нутагт нь хэрэгжүүлэх тухай хүсэлтийг хэд, хэдэн ирүүлсэн байдаг юм аж. Ингэхдээ нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.
Дашрамд сонирхуулахад, их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээралба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэнэ. Бүртгэл энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байв.
Нийслэлд болсон нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Батаа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон Монголын оюутны холбоо, БХИС, МУИС-ийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын газрын дарга нар, хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн оюутан залуус оролцлоо.