2016 оны 02-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн жолоочийн “Зөрчлийн оноо тооцох” журмаар замын хөдөлгөөний 17 зөрчилд оноо хасах арга хэмжээ авч байна. Харин энэ журмын хэрэгжилтийн явц олон хүний шүүмжлэлийг дагуулаад зогсохгүй зөрчил гаргасан жолоочийг мөнгөн хэлбэрээр торгож, мөн оноо хасаж байгаа нь нэг хэрэгт хоёр ял оноож байгаатай адил хэрэг хэмээн жолооч нар бухимдалтай байгаа юм.
Шинэ журмын 2.5.4-т: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо хасна” гэсэн заалт бий. Гэтэл тухайн жолоочийн ядарсан эсэхийг замын цагдаа бус эмнэлгийн байгууллага ч тогтоох учиртай.
Харин нийтийн тээврийн болон орон нутгийн зорчигч тээврийн жолооч нарын явсан км цаг, замын хуудсаар л ядарсан эсэхийг тогтоох боломжтой гэж ЗЦГ-ын мэргэжилтэн хэлсэн.
Тэгвэл ядарсан үедээ жолоо барьсан гэсэн шалтгаанаар зөрчлийн нэг оноо хасах эсэх нь тухайн замын цагдаагийн үзэмжээр шийдэх асуудал болж таарч байгаа аж.
Мөн такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нар авто замын нэгдүгээр эгнээнд машинаа тавьж, дотор нь унтаж байгаад зөрчлийн оноогоо хасуулах тохиолдол ч цөөнгүй байгааг албаны хүн хэллээ.
Дээрх тохиолдол бол шударга шийтгэл болно хэмээн жолооч нар үзэж байна. Харин замын хөдөлгөөнд явж байгаад ядарсан үедээ жолоо барьсан гэдэг шалтгаанаар оноо хасуулах нь эрх зөрчсөн явдал хэмээн жолооч нар үзэж байна.
Тэгвэл хэрэгжиж буй уг хууль зарим хуулийн зүйл заалттай зөрчилдөж буйг мэргэжлийн хуульч хүн хэлж байна.
Тухайлбал Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль /ЗХАБТХ/ нь Захиргааны хариуцлагын тухай хууль /ЗХТХ/-тай нийцэж уг хуулийн ерөнхий заалтаар зохицуулагдах ёстой. Монгол Улсын Дээд Шүүхийн 1993.04.20 өдрийн ЗХТХ-ийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай 38-р тогтоолын 6-р хэсэгт:“…Хуульд заасан нэг зөрчилд нэг шийтгэл ноогдуулна… Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, хууль бусаар олсон орлогыг хураах гэсэн нэмэгдэл шийдвэрийг зөвхөн уг хуулийн Замын хөдөлгөөний тухай хуулийн 2 дугаар бүлгийн, зүйлд тусгайлан заасан тохиолдолд хэрэглэнэ ….”, мөн Шүүхийн 2007.11.29-ний өдрийн 45-р тогтоолын 2 дахь хэсэгт“……. Захиргааны …. зөрчлийг …. үйлдсэн …. этгээд нэг шийтгэврээр, нэг төрлийн шийтгэл оногдуулна ….” гэж тодорхой заасан байгаа нь одоогийн мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль нь холбогдох хуулийн хэм хэмжээг зөрчиж байгааг харуулж байна. Учир нь ЗХТХ-ийн 2 дугаар бүлэг гэж огт байхгүй( 2-р бүлгийн, 25 дугаар зүйлийг 2015.07.08 өдрийн хуулиар хүчингүй болгосон ). Энэ нь хуульд заагаагүй нэмэгдэл шийтгэл гэдэг зүйлийг давхардуулан оногдуулж байгаа нь хууль зөрчиж байгааг нотолж байгаа юм.
Эх сурвалж: olloo.mn