Өнөөдөр Үндэсний сэтгүүлзүйн 103 жилийн ойд зориулж шагнал гардуулах ёслол Монголын Залуучуудын Холбооны байрны Залуус танхимд боллоо.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид үг хэлж, анх удаагаа орон даяар цацагддаг болсон Шинэ Монгол Радио, хүүхдийн төрөлжсөн анхны цахим amuka.mn сайт, дэлхийд тэргүүлэх хоёр сонины мэдээллийг анх удаа монгол хэл дээр хэвлэдэг болсон Засгийн газрын мэдээ сонины хамт олон сэтгүүлзүйн анхдагчаар тодорсныг онцлов.
Сэтгүүл зүйн шинжээчдийн баг анхдагчдыг нотолсныг үндэслэн Монголын Үндэсний Сэтгүүл зүйн түүхэнд мөнхрөх “Анхдагч” хэмээх мэргэжлийн удирдах байгууллага МСНЭ батламжилж өргөмжлөл гардууллаа.
Дараа нь Монголын сэтгүүлчдэд олгодог болсон Ерөнхий сайд асан Догсомын Бодоогийн нэрэмжит шагналыг эдийн засгийн сэдвээр бичдэг ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Иш, МСНЭ-ийн хүндэт тэмдгийг зарим залуу сэтгүүлчид хүртэв.
Харин энэ үеэр МОНЦАМЭ агентлаг,МСНЭ хамтран сэтгүүл зүйн бүтээлийн гол цөм болсон мэдээг орчин үеийн сэтгүүл зүйн хэм хэмжээ, шаардлага, зарчимд нийцүүлж, сурвалжлан бичдэг сурвалжлагчдад анхны шагналаа гардуулав. Энэ нь МонЦаМэ агентлагийн нэрэмжит “Мэдээний шилдэг сэтгүүлч”-шагнал буюу “Алтан дүрмийн эзэн” тэмдэг, үнэ бүхий дурсгалын зүйлс юм.
Тус шагналын талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит шагнал бол маш хүндтэй шагнал. Яагаад гэвэл сэтгүүл зүйн бүтээлийн цөм нь мэдээ юм. Тиймээс тус агентлаг нь мэдээгээр төрөлжин мэргэшсэн байгууллага. Орчин үед мэдээнд онцгой анхаарч, ач холбогдол өгдөг болсон. МОНЦАМЭ агентлагийн дарга байсан сэтгүүлч Ч.Эрдэнэ “Мэдээний машин” гэж ном бичиж хэвлүүлсэн байдаг. Үүнийг сэтгүүлчид мэдэж байгаа. Тэр ном үе үеийн сэтгүүлч, сурвалжлагчдын ажлын гарын авлага болдог. Тиймээс бид “Алтан дүрмийн эзэн” энэ шагналыг анх удаа санаачилсан. Энэ шагналыг жил бүр хамгийн сайн мэдээ бичсэн сэтгүүлч, сурвалжлагчийг шагнах болсонд баяртай байна” хэмээн онцолж хэлсэн.
“Алтан дүрмийн эзэн” хэмээх анхны шагналын эздээр Монголын телевиз-радиогийн “Мэдээний шилдэг сурвалжлагч”-аар “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Наранцэцэгийн “Нийгмийн халамж эзэндээ хүрч байна уу” цуврал сурвалжлага, сонин-сэтгүүлийн “Мэдээний шилдэг сурвалжлагч”-аар Үндэсний шуудан сонины сурвалжлагч С.Гандөлийн хууль эрхзүй, эрэн сурвалжлах, нийгэм болон улс төрийн чиглэлийн мэдээлэл, мэдээллийн сайтын “Мэдээний шилдэг сурвалжлагч”-аар www.gogo.mn сайтын сурвалжлагч Г.Одгарав Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн эргэн тойрон дахь асуудлаар нэг жилийн турш сурвалжилсан 20 гаруй цуврал нийтлэл тодорч, шагналаа хүлээн авлаа.
Шагнал гардуулах үеэр МонЦаМэ агентлагийн гүйцэтгэх захирал Ш.Батболд хэлэхдээ 95 жилийн түүхтэй МОНЦАМЭ агентлаг нь Монголын хэвлэл мэдээллийн анхдагч нь юм. Манай агентлаг гадаад, дотоодын үйл явдлын мэдээг шуурхай олон түмэнд хүргэдэг. Энэ утгаараа “Мэдээний шилдэг сурвалжлагч”-ийг тодруулж, анхны шагналаа өгч байгаа юм. Энэ шагналыг ТВ, радио, мэдээллийн сайт, сонин, сэтгүүлд жилд гурван удаа олгож байна. Нийгэмд, олон түмэнд үр өгөөжөө өгч, үр дүнд хүргэсэн мэдээллийг онцолж шагнаж байна” гэв.
“Алтан дүрмийн эзэн “ шагналыг хүртсэн шилдэг сэтгүүлч мэргэжлийн ур чадвар сайтай, хөдөлмөрч, ажилдаа бодитой, ажил хэрэгч хандаж сурсан гэдгээ харуулж байна гэсэн үг. Сэтгүүл зүйн бичлэгийн анхдагч төрөл зүйл болох “мэдээ” ийнхүү өөрийн нэрэмжит шагналтай болсон нь сэтгүүл зүйн түүхэнд нэгэн сонирхолтой баримтыг үлдээлээ.
Энэ үеэр “Тус шагналыг авахын төлөө сэтгүүлчид чанартай, хариуцлагатай, мэргэжлийн түвшинд бичих хэрэгтэй” гэдгийг Б.Галаарид санууллаа.
Дээрх шагналуудыг гардуулсны дараа ахмад сэтгүүлч МЧСЭ-ийн ерөнхийлөгч байсан Ц.Дашдондов, 85 нас зооглож буй СГЗ, нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа болон 70 насны ой тохиож буй Ч.Эрдэнэ нарт хүндэтгэл үзүүлж, “Алтан” өргөмжлөл гардуулсан юм.
Ахмад сэтгүүлч С.Эрдэнэ хэлэхдээ “Би “Мэдээний машин” ном бичсэн. Тэр номыг олж уншаад мэдээ хэрхэн бичих заавартай сайн танилцах хэрэгтэй. Миний хувьд 27 жил мэдээний сурвалжлагч байсан.1990 онд Англид сэтгүүл зүйн дээд курст сурч байлаа. Манай сэтгүүлчид мэдлэгтэй байх, өөрийгөө боловсруулахад анхаарах ёстой. Сонин, хэвлэлүүд сэтгүүлчдээ гадаадад сургахгүй байгаад би гайхдаг. Цаашид анхаарах асуудлын нэг шүү дээ.” гэсэн юм.
Сурвалжилсан Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn