Чишш, охиныг тайван орхи

Охин ээждээ тэврүүлсэн. Эх, үрийн нулимс хагацлынх байгаагүйд бурханд талархацгаая. Хамгийн сайхан нь охин эсэн мэнд үлдсэн. Охин жаахан тайвшраг дээ. Зүрх нь дэлбэрэх шахаа байлгүй, эвий минь. Үр хүүхэдтэй хүн бүр түүнийг ойлгоно оо. Охин дахиад олон өдрүүдийг инээд хөөртэй угтаг. Охин хотын гудамжаар үеийнхэнтэйгээ алхаг. Охин ээждээ үнсүүлж л байг. Охин холын зорилгоо олог. Гарц хайх арга замтай болог. Охин урт насалж, удаан жаргаг. Охиныг амьдрал шагнана аа. Охин амьдралаа заавал хайрлана… Чишш, охиныг тайван орхи.

Тэр хэн байв, яагаад үсрэхээр завдав. Энэ тухай мэдэж яах гэсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний араас ангуучлах увайгүй ажлаа зогсоо. Түүний ганцхан удаагийн тэнэглэлийг зарлалын самбар, дуулиан шуугиан, амны зугаа битгий болгооч. Гуйж байна, охин одоо эсэн мэнд. Амьдрал, хувь тавилангийн үргэлжлэлийг өөрт нь үлдээ.

Аз, од, бүтэлгүйтэл, тэнэглэл, ер юм бүхнээр дүүрэн ч юм шиг, бас сох дутуу ч юм шиг гэгэлхэн он жилүүдийг хүн бүхэн туулдаг нь хорвоогийн жам. Энэ бол бүх үеийн, бүх нийгмийн үзэгдэл. Дээвэр дээр суудаг дэггүй Карлсонууд хаа сайгүй байдаг л биз дээ. Өсвөр насанд өөрийгөө буруутгах, өрөөлд гомдох, ерөөсөө амьдрал утгагүй юм шиг өдрүүд зөндөө тохиолддог. Үхмээр санагдах, үхнэ гэж айлгах ч энүүхэнд. Тэглээ гээд ээжийнхээ энгэрт эргэж ирсэн хүүхдийг нийгмээрээ шаарлан, цаг бус үхэл рүү дахин түлхэж болохгүй. Тэр нэг л алхвал үхэх байсан юм. Тэр тэгээгүй. “Миний охин битгий үсрээрэй” хэмээн аминчлан гуйсан ээжийгээ тэр сонссон юм. Охин сайн байна. Ухаантай үр. Сайхан ч охин. Одоо харин цахим ертөнц дэх “алуурчид” түүнийг түлхэхээр уулгалан дайрч байх шиг ёозгүй сэтгэгдлүүд заналхийлж байна. Энэ л жинхэнэ аймшиг, угтаа Монголоос түлхчихмээр бидний араншин юм. Охин тайвшраг. Ирээдүйд угтах аз жаргалаар нь охиныг торгох эрх бидний хэнд ч байхгүй.

 Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …