Цахилгаан хэрэгслийн олон улсын үзэсгэлэн яармаг Хятадын Шанхай хотноо эхэлсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт оролцогчид Хятадын улам бүр өргөжиж байгаа цахилгаан хэрэгслийн зах зээлд өөрсдийн гэсэн байр сууриа олохыг гол зорилгоо болгож байна. Сүүлийн жилүүдэд Хятад улсын эдийн засгийн хөгжлийг даган агаар цэвэршүүлэгч, зурагт болон бусад гэр ахуйн цахилгаан бараа бүтээгдэхүүний эрэлт эрс өссөн үзүүлэлттэй байна.
Энэ оны үзэсгэлэн яармагт зонхилж байгаа гол бараа бүтээгдэхүүн нь агаар цэвэршүүлэгч байгаа юм. Өнгөрсөн онд 2 ч удаа агаарын бохирдлын хамгийн дээд буюу улаан өнгийн түгшүүр зарлаад амжсан Бээжин хот төдийгүй Хятадын бусад бүс нутагт амьдардаг хүмүүс эрүүл мэндээ хамгаалахын тулд гэр, албан байгууллагадаа агаар цэвэршүүлэгч суурилуулах болсонтой энэ нь холбоотой юм байна. Мидеа, Хайер, Шиоами зэрэг Хятадын цахилгаан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани шинэ загварын агаар цэвэршүүлэгч бүтээснээ энэ удаагийн үзэсгэлэнд танилцуулж байгаа юм.
Үүнээс гадна олон улсын цахилгаан бараа бүтээгдэхүүнийг худалдаалах цахим хуудсууд энэ удаагийн үзэсгэлэн яармагт мөн оролцож байна. Эдгээрээс тухайлбал, 100 гаруй брэндийн 1,5 сая бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа “Жей-Ди.ком” цахим хуудас хэрэглэгчдэд зориулсан гар утасны аппликэшнээ үзэсгэлэн яармагийн үеэр олонд танилцуулсан байна.