“Мүүн” хэмээх шашны гаж урсгалыг монголд дэлгэрүүлэгч хэмээгдээд байгаа Б.Насанбаяр өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр өөрийг нь “Мүүн” урсгалтай холбоотой хэмээн үзэж буй Д.Цэрэндолгор тэргүүтэй хүмүүсийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэхээр болжээ. Мөн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газруудад дээрх хүмүүсийг шалгуулж, ар талд нь захиалагч, санхүүжүүлэгчийг нь тодруулна хэмээв. “Би энэ төрлийн төрийн бус байгууллагад хамрагдаж тэргүүлж байсан. Гэхдээ цаадах учир нөлөөг нь мэдээд өөрөө гарсан.
Боловсролын салбарт “мүүн”-ий чиглэлээр бодлого боловсруулж түүнийгээ “Авьяас”, “Цөм” гэх хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Монголын толгой эрдэмтэд, яамны тусгай ажлын хэсгийнхэн боловсруулан хэлэлцээд хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн. Надаар дамжуулан энэ олон хүний нэр төрд халдаж буй нь тэвчишгүй хэрэг. Манай өвөө аав лам хүн байсан. Түүнийхээ нэрээр ургийн овогоо нэрлэсэн. Би шарын шашинтай. Дөнгөж сая би лам багштайгаа яриад, энэ хэл ам, гүжир гүтгэлэгийг намжааж өгөхийг хүслээ” хэмээн ярьсан юм.
МАН –ын зарим нэг албан тушаалтнууд намайг дарамталж, элдэв зураг, мессеж явуулж, түүнээс болоод сошиал ертөнцөөр дүүрэн намайг муу талын хүн болгож байна. Энэ нь миний болон миний гэр бүлийнхний амьд явах, эрх чөлөөтэй амьдрах эрхэд халдаж эхэллээ. Надтай холбоотойгоор боловсролын салбарын нэр хүндэд халдаж, олон мянган сурагч, тэдний эхийг төөрөлдүүлж байна. Ийм учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, асуудлыг шийдвэрлэх гэж байна гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж:newscom.mn