Эрх баригчдын эрх ашиг хэдэн хүүхдийн аминд хүрч байж зогсох вэ
2016 оны 3 сар 14 / 17 цаг 32 минут
Нийгэм, Эрүүл Мэнд
Монгол Улс Эрүүл мэндийн сайдгүй бүтэн 4 сар гаруйн хугацааг үдлээ. Хуулиараа бол сайд огцорсон эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн сайдыг 1 сар буюу 30 хоногийн дотор томилох ёстой байдаг.
Харамсалтай нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэсэн гуравхан хүний амбицаас болж, Монгол Улс 120 хоног гаруй Эрүүл мэндийг сайдгүй явж, тун удахгүй хагас жилтэйгээ золгож, бүр Эрүүл мэндийн сайдгүй сонгууль угтсан анхны орон болж мэдэхээр байна. Энэ ч яахав гэхэд, Эрүүл мэндийн салбар эзэнгүйдсэний улмаас хөл толгойгоо алдаж хамгийн сүүлийн мэдээгээр л гэхэд 8 хүүхэд ганцхан улаан бурхан өвчний улмаас хорвоог орхисныг албаны хүмүүс хэллээ. Энэ бол эзэнгүй салбарын зөвхөн нэг хэсэг, нэг өвчин эмгэг нь. Тэгэхээр тэр олон мянган өвчин эмгэгт хэчнээн хүн нас барж, хэчнээн бяцхан үрс өвдөж зовсондоо уйлсан бол. Хэдэн ч хүүхэд эндэж, хэдэн ч эх харамсалтайгаар хорвоогоос халив. Өрх айл эцэг эх үр хүүхэд бүгд байж элэг бүтэн, аз жаргалтай аж төрдөг шиг Монгол Улс Эрүүл мэндийн сайдтай, бүрэн бүрэлдэхүүнээрээ байж урагш алхана. Харамсалтай нь, 4 сар гаруйн хугацаанд “үүдэн шүд”-гүй онгорхой явсан Засгийн газар цаашид ч Эрүүл мэндийн сайдгүй онгойж явахаасаа ичихгүй, эмээхгүй бололтой. Монголын мянга мянган үрсийн өвдөж зовсондоо уйлах дуун, эх толгойгүй болсон эрүүл мэндийн салбарын буруугаас болж нас барсан хүмүүсийн ойр дотнынхны орь дуу эрх баригчдын, Засгийн газрынхны чихэнд хүрэхгүй л байгаа бололтой.
Эрүүл мэндийн сайдгүй эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд эзэнгүй айл шиг эх толгойгоо алдаж, өвдөж зовсон хүүхдүүдийн уйлалдаан дунд өнгөрлөө. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүйн адилаар “толгой”-гүй болсон эмч нарт хариуцлага гэх юм үгүй болж, эмнэлэг дотор “Эмч нь хааччихав аа. Эмч ээ миний хүүхдийг үзээд өгөөч” гэж хэдэн цагаар уур бухимдлаа барах эцэг эхчүүд болон тэдний дахин хэдэн цаг эмнэлгийн коридорт залхаан цээрлүүлэгдэх бяцхан үрс. Хэрвээ Монгол Улс эцэг эх нь хоёулаа байгаа айл шиг Эрүүл мэндийн сайдтай байсан бол хэдэн хүний амь аврагдаж, хэчнээн хүүхэд арай бага зовох байсан бол оо. МАХН-ын дарга Н.Энхбаярын улстөрд дахин орох арга болон түүнийг улстөрд оруулахгүй гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний үгнээс үл гарах Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэсэн гуравхан үйлдэл, амбицаас болж энэ бүхэн болж, хүний амь үрэгдсээр байдаг гэдэг даанч харамсалтай.
Эх сурвалж: Undesten.mn