Монголын арилжааны банкуудын хаан нь “Хаан банк” билээ. Хамгийн ашигтай ажилладаг энэ банк зарлагаа хэмнэж ухаалаг банк болохоор шийдэж автомат машин олноор нь оруулж ирэх болсон. Хаан банк Монголд анх удаа теллер гэх ажлын байрыг үгүй болгож төлбөр тооцоог орлого, зарлага хийдэг автомат машинд даатгаж эхэлж байна.
Өөрөөр хэлбэл, Хаан банкны салбарууд бүгд “машин” болж, үүнтэй холбоотойгоор хэдэн мянган теллерүүдээ халах үндэсний хэмжээний аян өрнүүлээд байна. Ингэхдээ теллерүүдийг 200, 200-гаар нь халж, эхний 200 теллер халагдаж асуудалгүй болонгуут дараагийн 200 хүний халагдах тушаалыг гаргаж байх жишээтэй. Эх сурвалжийн хэлснээр, өнөөдөр л гэхэд 2 дахь ээлжний 200 хүн халагдах тушаалаа сонссон аж.
Хамгийн хөгийн нь, ажилтнууддаа нөхцөл байдлыг ойлгуулж, ном журмынх нь дагуу ажлаас чөлөөлөхийн оронд маш жижиг алдаан дээр дөрөөлөн шууд хомроглон халж байгаа юм байна. Ёстой нөгөө өө эрсэн хүн өндөгнөөс өө олж байгаа юм байх. Үүний хажуугаар, Хаан банкны удирдлагууд халагдаж буй теллерүүд дотроос өөрийн үзэмжээр заримыг нь үлдээж, дотроо шингээж байгаа аж. Гэхдээ мэдээж тэд теллер хийхгүй, удирдлагын даалгасан ажлыг хийж, ажлын байрандаа үлдэх юм байна. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, хүмүүнлэгийн шилдэг үйлстэн Хаан банк тун удахгүй хамгийн бага зардлаар хамгийн их мөнгө хүүлдэг автомат удирдлагатай шилдэг компаниар тодрох буй заа.
Эх сурвалж: Undesten.mn