Сүүлийн жилүүдэд янз бүрийн сонин содон олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохиогдох болсон. Тэдний нэг болох “МИНИЙ БОГИНО ЮБКА” нэртэй цоо шинэ, сонирхолтой арга хэмжээ ирэх сарын 2-нд УИД-ээс урагш, Битлзийн хөшөөний урд талбайд 19:00 цагт анх удаа зохиогдох гэж байна.
Тус арга хэмжээнд оролцохын тулд эмэгтэйчүүд богино юбка, даашинз эсүүл өнгөлөг тодоор хувцаслах ёстой гэнэ.
Энэхүү арга хэмжээ нь гудамжны халдлагын эсрэг олон улсад өрнөдөг үйл ажиллагааны нэг бөгөөд Монголд анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Охид эмэгтэйчүүд маань хэн нэгний хэл амны бай болох вий гэж айн тэр бүр богино юбка, тод өнгийн хувцасыг өмсөж чаддаггүй. Харин энэ бүхний эсрэг олон эмэгтэйчүүд нэгдэн хоёрны өдөр дуу хоолойгоо хүргэх гэнэ.
Арга хэмжээний үеэр Зохиолч Ийв Энслерийн “Үтрээний хүүрнэл” жүжгийн “Миний богино юбка” монолог олон нийтэд уншигдах ба “МӨРӨӨДЛИЙН БҮЖИГ ЗАЛУУСЫН КЛУБ-ынхан латин бүжгийн хөдөлгөөнөөс заах юм байна.
О.Наранцацралт