Зарим залуу ээжүүд “Хүүхэд хөхүүлбэл хөхний хэлбэр галбир алдагдна” гэх ойлголт авснаас хүүхдээ удаан хөхүүлэхээс татгалздаг. Хүүхдээ хөхүүлэх, хөхүүлэхгүй байх, урт хугацаанд хөхүүлэхийн аль аль нь хөхний хэлбэрт нөлөөлдөггүй бөгөөд харин жирэмслэлт үүнд нөлөөлдөг гэж Америкийн эрдэмтэд мэдээллээ.
Жирэмслэлтийн үед хөхний булчирхайд өөрчлөлт орж томордог. Энэ нь буцаад хэвийн байдалдаа дор хаяж гурван жилийн хугацаа шаардагдана.
Жирэмслэлтийн улмаас хөхөнд гарах өөрчлөлт нь арьсны доорх холбогч эд султай хүнд илүү ажиглагддаг байна. Хүүхдээ хөхүүлж байгаа эх хэнээс ч илүү сайхан харагддаг. Эхийн сүүнд хүний нинжин сэтгэл, ариун хайр, хүнлэг чанар цөм бий. Хүүхдээ хөхүүлэх нь дөнгөж төрсөн эхийн умайг түргэн агшаах, жирэмсэн үеийн жингийн нэмэгдлийг амархан арилгах, хөхний хорт хавдар тусах магадлалыг бууруулах зэрэг эхийн бие, сэтгэл санаанд олон ашиг тустай.
Мөн хүүхэд ээж хоёрын хоорондын амин холбоос хэвээр хадгалагдахын зэрэгцээ бие биеэ мэдэрч, сэтгэлийн нандин холбоо үүсч бий болдог увидастай. Биеийнхээ хэв галбирыг бодож хүүхдээ хөхнөөс эрт гаргаж, төрсөн хүүхдээ сайн дураараа хэн нэгний тэжээвэр хүүхэд болгон хувиргах нь хожим хүүхэд эхийгээ төгс хайрлахгүй байх шалтгаан болдог.
Америкийн эрдэмтэн Ж.Х.Кинсьений 5000 гаруй хүүхдийг оролцуулан хийсэн судалгаагаар сүүн тэжээлээр өссөн хүүхэд эхийн сүүгээр бойжсон хүүхдээс 10 дахин илүү элдэв өвчин тусч байжээ.Эхийн сүү нь юугаар ч орлуулшгүй тэжээл юм.
Б.Дэжид