Урин дулаан цаг ирж байгаа энэ үед гэр хорооллын иргэдийг бухимдуулаг зүйл нь шар ус болон үерийн усны асуудал байдаг. Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны Хилчин хотхоны ард байрлах гэр хорооллын иргэд усанд автсан талаар мэдээллийг аван нөхцөл байдалтай нь танилцахаар УИХ-ийн гишүүн Л.Эрдэнэчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Ш.Хажидмаа, Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Бат-Өлзий, 7-р хорооны засаг дарга Б.Сэлэнгэ, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд очиж иргэдтэй уулзлаа. Иргэдийн ярьж байгаагаар сүүлийн 3 жил өвөлдөө газар нь дээшээ овойж хөлддөг, гэр байшин битүү цантдаг. Дулаарахаар хөрс гэсэн ус дээшээ гарч ирэх, шар усны үер урсаж орон гэр, хашаа хороо гудамж битүү усанд автдаг гэдгээ хэлж байлаа. Үүнээс шалтгаалж гэр хорооллын жорлонгийн бохир гадагшлах зэргээр иргэдийн амьдрах орчинд муугаар нөлөөлөхөөс гадна зуны цагт халдварт өвчин гарах үүсгэвэр болох магадлалтай байдаг байна.
Иргэдийн мэдээллийн мөрөөр очиж нөхцөл байдалтай танилцсан албаны хүмүүс эхний ээлжинд ус хаанаас гарч байгаа шалтгааныг судалж тодруулах, мөн мэргэжлийн байгууллагуудад хандан үнэлэлт, дүгнэлт гаргуулна гэлээ. Шалтгааныг тодруулсаны дараа тухайн асуудлыг нийслэл, дүүрэгтэй хамтарч шийднэ. Гэхдээ тэр болтол бид энэ асуудлыг хойш тавихгүй. Маргааш дүүрэг дээр шуурхай алба болон хорооны төлөөлөлүүдийг хуралдуулж тодорхой арга хэмжээ авч ажиллана гэдгээ хэлсэн юм.
Эх сурвалж: СХД