Монгол цэргийн өдрийг тохиолдуулан, хуулийн байгууллагуудын төлөөлөл болгон Дархан-Уул аймгийн Прокурорын газрын туслах прокурор, Тамгын хэлтсийн дарга, хууль цаазын ахлах зөвлөх Н.Идэртэй ярилцлаа.
– Сайн байна уу. Юуны өмнө Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе.
– Баярлалаа. Прокурорын байгууллага нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ цагдаа, шүүх, тагнуул, авлигатай тэмцэх газар, тахарын алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, өмгөөлөл зэрэг хуулийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажилладаг. Тэгэхээр дээрх байгууллагуудынхаа нийт бие бүрэлдэхүүн, Прокурорын байгууллагынхаа үе үеийн прокурор, ажилтнууддаа баярын мэнд хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэе.
– Хуулийн байгууллагуудын үндсэн чиг үүргийн талаар ард иргэд харилцан адилгүй ойлголттой байдаг. Иймд прокурорын байгууллага нь ямар үндсэн чиг үүрэгтэй байгууллага вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
– Тийм шүү. Прокурорын байгууллага нь Монгол улсын Үндсэн хуульд заасан “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилладаг. Өөрөөр хэлбэл прокурор ньМонгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулжхэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьдаг. Гэмт хэрэгтэй тэмцэх, эрүүгийн хэргийг шийдвэрлэх ёстой. Ингэснээр гэмт хэрэгт хохирсон хохирогчийн эрх хангагдах ёстой. Нөгөө талаас хэргийг шийдвэрлэж байхдаа хүний эрхэд бүдүүлгээр халдахгүй байх, хуулийн байгууллага өөрөө хуулийг сахиулахдаа хуулиа мөрдөж ажиллах хэрэгтэй. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хуульд захирагдаж ажиллах ёстой. Түүнд нь прокурор хяналт тавьж ажилладаг. Прокурорын хяналт ньшударга ёс тогтоохүндэс суурь ньболдог. Мөнхэргийг шүүхээр шийдвэрлэх болон шүүхээр шийдвэрлэх хүртэлх процесс зөв явагдаж байгаа эсэхийгхянаж шалгах үүрэгтэй.
Эдгээр үндсэн чиг үүргүүдээс гадна захиргааны хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хуулиар зохицуулж өгсөн байдаг.
– Прокурорын байгууллага нь энэ жилийн хувьд үйл ажиллагаандаа ямар зорилтыг дэвшүүлж ажиллаж байна вэ?
– Монгол улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 онд прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, шүүхэд төрийг төлөөлөх үйл ажиллагааг өргөжүүлэх, прокурорын мэргэжил, ёс зүйн үнэлэмж, урамшуулал, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилтыг дэвшүүлж ажиллаж байна. Зорилтын хүрээнд аймгийн Прокурорын газраас тодорхой төлөвлөгөө гаргаж биелэлт үр дүнг нь улирал бүр тооцож байна. Тухайлбал: Прокурор, ажилтнууд шинээр батлагдсан аргачилсан заавар, журмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын ололтоо бататгах, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
-Дархан-Уул аймгийн хэмжээнд эрүүгийн хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
-2015 онд орон нутгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж үзэхэд 891 гэмт хэрэг гарсны 86 хувь нь аймгийн төвд гарсан байна. Үүний 40-өөд хувь нь хөнгөн, 50 гаруй хувийг хүндэвтэр хэрэг эзэлж байна. Энэ тоог 2014 онтой харьцуулахад өссөн дүнтэй харагдаж байгаа юм. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргээс 73 хүнд холбогдох 55 хэрэг нь төрийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэг байна. Мөн насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэг 47 гарч өмнөх оныхоос 23 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Нийт гэмт хэргийн 30 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Иймд эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар аймгийн Засаг дарга болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нарт танилцуулга хүргүүлээд байна.
– Танай байгууллагын хувьд орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ?
-Прокурорын газар нь гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр тодорхой шат дараатай ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал бид тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг сүүлийн 3 жилийн байдлаар судлаж зам тээврийн ослын дийлэнх нь хурд хэтрүүлсний улмаас гарч байгааг тогтоосон. Энэ хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор богино хэмжээний шторк бэлтгэн орон нутгийн телевизүүдээр цацуулж байна. Дархан-Улаанбаатарын замд Монгол улсын хэмжээнд анх удаагаа анхааруулах самбар босгосон. Гадны зарим оронд хурдны замуудын хажууд бага насны хүүхдийн зурагтай “Ааваа битгий яараарай” хэмээх бичиг бүхий самбарыг байршуулсан байдаг. Үүнээс санаа авч дээрх нөлөөллийн самбарыг эхний ээлжинд Дархан, Улаанбаатарын замд байрлуулаад байна.
– Эхний ээлжинд Дархан, Улаанбаатарын замд байрлуулсан гэлээ. Тэгэхээр самбарыг дахиад өөр газар байршуулна гэсэн үг үү?
– Эхний самбарыг хийж байрлуулахад Нямдаваа захиралтай ДДЦС-ын хамт олон тусласан. Энэ дашрамд тус станцын хамт олонд талархал илэрхийлэе. Дараагийн нөлөөллийн самбарыг Дархан Сэлэнгийн замд байрлуулахаар төлөвлөсөн боловч санхүүгийн асуудлаас болоод хүлээгдээд байна. Манай аймагт хийсэн энэхүү нөлөөллийн самбараас санаа авч бусад аймгуудад тодорхой ажил өрнөсөнд баяртай байгаа. Тухайлбал:Мандалговиос Улаанбаатар, Даланзадгадын чиглэлийн автозамын хажууд хурдаа хасч, анхаарал болгоомжтой явахыг жолооч нарт сануулсан нөлөөллийн самбарыг тус аймгийнхан хийж байршуулсан байна билээ.
Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян, өдөрлөгүүдэд идэвхитэй оролцож, орон нутгийн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн оюутан, сурагчдад хууль сурталчилж байна. Хамгийн сүүлд “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” 2 сарын аянд оролцож, өсвөр үеийнхэнээ хорт зуршлаас ангид байлгах, тэдэнд хор уршгийг таниулах ажлыг хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих 445, 435 дугаар ангиудтай хамтарсан зөвлөгөөн хийж, хорих ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй ялтныг ажлын байраар хангах, хорих ангийн даргаас хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэмийг өөрчлөх талаар хуульд заасан шаардлага хангасан санал ирүүлж байх, хорих ангид гарч буй зөрчлийг бууруулах, торгох, эд хөрөнгө хураах ялын биелэлтийг хангуулах зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.
– Иргэдэд хэр нээлттэй ажиллаж байна вэ?
– Мэдээж хэрэг иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг бичиг зохих журмын дагуу бүртгэлд оруулж, хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг өгч ажиллаж байна. Өнгөрөгч оны байдлаар прокурорын үндсэн хяналттай холбогдуулан иргэд байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос нийт 300 гаруй хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авсныг хуулийн хугацаанд нь бүрэн шийдвэрлэсэн.
– Өнгөрсөн жил аймгийн прокурорын газар хичнээн хэргийг хянаж, хэдэн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх тоон мэдээлэл байна уу?
– Эрүүгийн хэрэг үүсгэсэн 891 хэрэгт дугаар олгосон ба нийт 1173 эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж ажилласнаас 600 гаруйхэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс 149хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол 90 хэрэг нь золгүй байдлаар хүний амь нас хохирсон байна. Золгүй байдлаар хүний амь нас хохирч байгаа үндсэн шалтгаан нь нөгөө л архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй шууд холбоотой байна. Тэгэхээр иргэд маань баяр ёслолын үеэр архийг тохируулж хэрэглэх, аль болох татгалзах, хэн нэгэндээ архи, согтууруулах ундааг шахаж уулгахгүй байх нь чухал байна.
– Дархан-Уул аймгийн прокурорын газар нийт хэдэн прокурортой вэ? Прокуроруудын ажлын ачаалал ямар байдаг вэ?
– Дархан-Уул аймгийн прокурорын газар нь 13 прокурор, туслах ажилтан болон захиргаа үйлчилгээний 12 ажилтан нийт 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Прокуроруудын ажлын ачаалал их байдаг. Өнгөрсөн жил гэхэд л 2627 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч хяналт тавьж ажилласнаас гадна Дархан-Уул аймагт байрлах жирийн болон чанга дэглэмтэй хорих ангиуд, баривчлах, цагдан хорих байранд байнгын хяналт тавьж байдаг. Үүнээс гадна энэ жил Эрүүгийн хууль, Хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулиуд шинээр батлагдан мөрдөгдөх гэж байгаатай холбогдуулан прокуроруудын маань хяналтын ажлын ачаалал ихэсч байна. Гэвч бид ачаалал их гэж ажлаас хойш суулгүй үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
-Хорих ангиуд гэснээс Дархан-Уул аймагт байрлаж байгаа хоёр хорих ангид хичнээн ялтан ял эдэлж байна вэ?
-2015 оны жилийн эцсийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймаг дахь жирийн дэглэмтэй хорих 445 дугаар ангид 200 гаруй,чанга дэглэмтэй хорих 435 дугаар ангид 300 орчим нийт 500 гаад ялтантус тус ял эдэлж байсан. Энэ нь Өршөөлийн тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор буурсан дүн юм. Ер нь бол хорих ангиуд жирийн үед тус бүр дунджаар 350 гаруй ялтантай байдаг.
–Та ярилцлагын эхэнд шүүхэд төрийг төлөөлөх үйл ажиллагааг өргөжүүлэх зорилт дэвшүүлсэн тухай дурьдсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Хяналтын прокуроруудын шүүх хуралдаанд оролцож байгаа байдалд үнэлэлт дүгнэлт өгөх үүднээс прокурор тус бүрийн нэг удаагийн шүүх хуралд ажиглагчаар оролцож, хурлын явцыг бичлэгээр баримтжуулан зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж, дүгнэлт заавар зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ нь шинэ томилогдсон прокуроруудыг сургах ажилд түлхэц болж, прокурорууд бие биеээсээ суралцах, туршлага болж байна. Мөн хяналтын чиглэлээр доголдож буй шүүхээс хэрэг буцах, цагаатгагдах, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх, зарим үйлдэл холбогдол хэрэгсэхгүй болох зэрэг сөрөг үзүүлэлтүүдийн тоог бууруулах, цахим бүртгэлийг бүрэн гүйцэд бүртгэж хэвших, үүнтэй холбоотойгоор туслах ажилтнуудад сургалт явуулах, тэдний хариуцлагыг өндөржүүлэх зэрэг асуудлуудад хяналтын ажлыг чиглүүлж байна. Мөн хяналтын прокуроруудын шүүх хуралдаанд мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дотоод сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
– Өнгөрсөн жил Прокурорын байгууллагын 85 жилийн ойн хүрээнд багагүй ажил өрнөсөн. Эдгээр ажлуудаас дурьдвал?
– Албаны шинэ байртай болсноор ажиллах орчин нөхцөл сайжирсан. Соёл урлаг спортын олон талт арга хэмжээнд идэвхитэй оролцсон. Тодруулбал: Прокурорын байгууллагын нийт прокурор ажилтнуудын дунд зохион байгуулагдсанурлагийн анхдугаар их наадмын төвийн бүсэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хамт олон тэргүүн байр эзэллээ. Гурван үеийн уулзалт ярилцлагыг зохион байгуулж, прокурорын байгууллагад тасралтгүй 33 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад прокурор, Монгол улсын гавъяат хуульч Б.Дашням болон Л.Тунгалаг, Б.Оролмаа нартхүндэтгэл үзүүллээ. Хамт олноороо Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар 3 хоногийн аялалыг зохион байгуулсан нь прокурор, ажилчдын ажиллах эрч хүчийг нэмэгдүүлсэн амралт болж чадсан гээд ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх , тэднийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг өрнүүлсэн.
– Ажил хэрэгч яриагаар дамжуулан прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар сэтгүүлийн маань уншигчдад маш их мэдээлэл хүргэлээ. Урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
– Баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.