Математик, байгалийн ухааны хичээлийн багш нар өнөөдөр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн талаар хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.
Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Энхтогтох хэвлэлийн бага хурлын үеэр “ЕБС-ийн Математик, байгалийн ухааны боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсруулах ажлыг БСШУЯ-ны сайдын тушаалаар баталгаажуулсан баг боловсруулсан.
Математикийн болон байгалийн ухааны үндэсний цөм хөтөлбөрт шинжлэн судлан арга барил эзэмших, нотолгоо баталгаанд үндэслэн шийдвэр гаргах чадвар эзэмших, асуудлыг судлан шийдэх арга ухаанд суралцахад чиглэсэн агуулга, арга зүйн шинэчлэл хийгдсэн.
БСШУЯ-ны гаргасан математикийн болон байгалийн ухааны сурах бичигт шашин, сүнс, улс төрийн өнгө аястай агуулга огт байхгүй. Байгаа мэтээр олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна. Хувь хүний хэвлэн борлуулсан номыг бидний зохион сурах бичиг мэтээр ярьж, бичиж байгаад харамсаж байна” хэмээн мэдэгдсэн юм.
“СҮНСТЭЙ БОДЛОГО”-НЫ УЧИР…
Түүний дараа олон нийтийн сүлжээнд “сүнстэй бодлого” хэмээн шүүмжлэл хүртээд буй нэгэн бодлого, уг бодлогыг агуулсан номны талаар Математикийн цөм хөтөлбөрийг боловсруулах багийн гишүүн МУИС-ийн багш О.Итгэл тайлбар хийлээ.
О.Итгэл энэ талаар “Энэ бодлогыг олон улсын комисс зохиосон. Үүнийг Монголоос өөр олон улс орон “сүнс” гэдэг утгаар нь орчуулсан байна лээ.
Энэ бол зөвхөн тус уралдааны л материал. Сурах бичигтэй ямар ч холбоогүй асуудал юм.
Одоогийн байдлаар 64 орны зургаан сая хүүхэд энэ уралдаан оролцдог. Энэ сүнстэй холбоотой хүүхэд айх зэрэг ямар нэгэн асуудал гараагүй гэдгийг олон улсын уралдаан зохион байгуулах холбооны захирал надад хэлсэн.
Дэлхийн хэмжээнд хүүхдүүд айгаагүй байхад Монгол хүн айж байгаа юм болов уу гэж хошигнон ярьж байна лээ” хэмээсэн юм.
УРИАЛГА:
Үр хүүхдээ чанартай боловсрол эзэмшиж сайхан амьдралтай болно гэсэн Монголын мянга мянган эцэг эхийн итгэл үнэмшлийг алдуулах оролдлого хийж улс төр хийхээ болих хэрэгтэй байна. Жирийн эрдэмтэн багш нарын зохиосон сурах бичигт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулах арга хэлбэрийг сонгож боловсролоор улс төр хийхгүй байхыг уриалж байна.
Монголын залуусыг мэргэжил боловсролтой болж улс орноо хөгжүүлж авч явна гэсэн олон түмний итгэл үнэмшлийг хөсөрдүүлж, шинэ итгэл үнэмшил бий болгох бэлтгэл ажил хийх, улмаар бид сайжруулах гэж байна гэсэн өнгө аястай улс төрийн сурталчилгаа хийхэд боловсролыг ашиглахгүй байхыг уриалж байна. Боловсролыг тогтвортой, улс төрөөс хараат бус байлгая.
Эх сурвалж: Математик, байгалын ухааны боловсролын сургалтын хөтөлбөрийн баг