Д.Баатархүү: Цагдаа “Өөдөөс эгц харж чадахгүй болтол чинь тамлана” гээд зодсон

-ДООШОО ХАРУУЛЖ ХЭВТҮҮЛЭЭД, ГАВТАЙ ГАРЫГ ДЭЭШ ӨРГӨӨД ГӨЖӨӨД БАЙСАН-

Яг юу болсон талаар та тодорхой ярихгүй юу?

-Энэ хэрэг энэ сарын 3-нд болсон. Би хүний ажил явдал дуусгаад 2-ны хотод орж ирээд, ээж аавындаа очиж хоноод, өглөө нь олон нялх нойтон хүүхэдтэй болохоор түрүүлж гэртээ ирээд, гал түлэх гэж байсан. Нүүрс дууссан байхаар нь гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хоёр шуудай нүүрс авсан. Намайг нүүрс авах хугацаанд тэр дэлгүүрийн ар талын айлд зурагтыг хулгайлсан хэрэг гарсан юм билээ. Оройхон би хүүхдүүдээ гэртээ авчирчихаад байж байтал 19:00 цагийн үед хоёр цагдаа, нэг сонсогч гурвуулаа манай гэрт шууд орж ирээд “Цагдаагийн газраас ирлээ” гээд үнэмлэхээ үзүүлсэн. Ямар ч үндэслэл шалтгаан хэлэхгүйгээр, “Та бинийг дагаад яв, хэлтэс дээр очоод ярилцъя. Чи ямар шалтгаанаар гэдгийг нь мэдэхгүй байна уу” гэхчлэн нэг л даапаалсан өнгө аясаар яриад байсан. Тэгээд намайг шууд машинд суулгаад аваад явсан. Тэр машин нь цагдаагийн машин ч биш байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авч очоод өрөөндөө оруулсан. Миний хувийн мэдээллийг цагдаагийн албаны бүртгэлдээ бүртгүүлж үзэхэд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдэг нь гарч ирсэн.

-Тэгээд юу болсон?

-Гэтэл намайг эрүүгийн төлөөлөгч Мижидсамдан нь өөр нэг жижиг өрөө рүү оруулаад “Зурагт хаана байна” гэж шууд асуусан. Тэгэхээр нь би “Юун зурагт мэдэхгүй” гэсэн чинь “Чи бид нарт ингэж худлаа ярих шаардлага байхгүй” гээд нөгөө цагдаа нь араас орж ирээд шууд нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Яагаад зодож байгааг нь асуухад “Чи бидний өмнөөс тайлбар тавих шаардлагагүй гээд модон сандлаар хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн. Ингээд куртка тайлуулаад гарыг хойно гавлаад мэдээгүй болтол цохиж эхэлсэн. Дараа нь доошоо харуулж хэвтүүлчихээд гавтай гарыг дээш өргөөд гөжөөд байсан. Удаан тэгэхээр аяндаа хоолой боогддог юм байна. Дараа нь надад нэг бичлэг хальт үзүүлсэн.“Дэлгүүрээс зурагт авч явж байгаа нэг хүний бичлэг байсан. Тэгээд тэр бичлэгийг үзүүлэнгүүтээ намайг “Чи энэ зурагтыг хулгайлсан” гээд шууд тулгасан. Учир нь нөгөө хулгай хийсэн хүн нь минийхтэй ижилхэн хар куртка, малгайтай цамцтай байсан юм билээ. Нүүр царай нь бол ерөөсөө харагдахгүй. Хувцас чинь ижилхэн гэх үндэслэлээр шууд намайг гээд  дайрсан. Би наад дэлгүүрээс чинь хулгай хийгээгүй нүүрс аваад гарсан гэж хэлэхэд энэ дэлгүүрээс биш арынх нь айлаас хулгайлсан гэж намайг зодож байх явцдаа тайлбарласан. “Чи яасан гүргэр юм бэ. Чамайг өөдөөс эгц харж чадахгүй болтол чинь тамлаж зовооно” гэж байгаа юм. Ерөөсөө л тэр хэргийг үүрүүлэх гээд зүтгэчихсэн.

-ЗОДУУЛСАН ГЭДГЭЭ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ, ДАРАА НЬ ЧАМД ТУСЛАНА ГЭЭД ГУЙГААД БАЙСАН-

-Эсэргүүцэл илэрхийлээгүй юм уу?

-Эсэргүүцэл илэрхийлэх тусам цахилгаан бороохойгоороо намайг зогсоо зайгүй цохиулаад ирэхээр зүрх өвдөж эхэлсэн. Би өөрөө ч зүрх муутай учраас тэр их зодуурын дарамтыг дийлэхгүйгээр зүрх өвдсөн. Тэгээд би “Миний зүрхээр өвдөөд байна. Ар гэрээс хүн дуудаад эм авчруулаад өгөөч” гэсэн. Тэгсэн эрүүлжүүлэхийн цагдаа гээд нэг хүүхэн дуудаж авчраад даралт хальт үзүүлээд нүд нээж, гэрэл тусгаж харснаа “Чи зүв зүгээр байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд намайг тэр эмч нь “Чи юундаа янгуучлаад байгаа юм” гэж зандарчихаад гараад явчихсан. Ингээд над руу  дахиад л дайрч эхэлсэн. Үснээс угзарч татаад, наад урт үсийг нь шатаа энэ тэр гээд намайг оройны долоон цагаас арван цаг өнгөртөл зодож тамласан.

-Гэнэт яагаад таныг тавьж явуулсан юм бол?

-Намайг зодуулж байхад манай ар гэрийнхэн аав ээж, ах, эхнэр ирсэн байсан. “Надтай уулзмаар байна” гэж хэлэхэд ерөөсөө уулзуулахгүй, шөнийн 01:30 цаг хүртэл тэр өрөөндөө байлгасан. Тэгээд манай гэрийнхэн өргөдөл бичсэн. н.Тулга гэдэг цагдаа нь манай эхнэрт “Та хоёр дөрвөн нялх хүүхэдтэй гээ биз дээ. Хүхдүүдээ хулгай хийж тэжээдэг юм уу. Тэр зурагт гаргаж өг” гээд баахан үг хэлээр доромжилсон байсан. Тэгээд яасан юм бүү мэд гэнэт миний гавыг н.Тулга нь “За чи одоо эндээс гарч яваад эхнэр, ээж, аав нартаа зодуулсан гэдгээ битгий хэлээрэй. Эр хүний замын хүзүү урт. Дараа нь чамд цагдаагийн асуудал гарах юм бол аль дүүрэгт ч байсан хамаагүй чадахаараа чамд тусална. Чи цаашаа дарга маргад битгий хэлээрэй. Өргөдөл гомдол битгий гаргаарай” гэж надаас гуйсан. Баруун гарын гавыг тайлахдаа сандарч байгаад түлхүүрийг нь хугалж хаясан. Тэгээд нөгөө гав нь тайлагдахгүй байсан чинь төмрийн хөрөөгөөр шууд хөрөөдөж авч байгаа юм. Бараг гар хөрөөдөх шахам гаваа тайлж авсан. Тэгээд намайг маргааш өглөө 09:30 цагд ирээрэй гэсэн. Сүүлийн үеийн цагдаа нарыг би ерөөсөө ойлгохгүй байна. Ямар ч хэрэг мөрдөлт байхгүй. Зүгээр л хулгайн хэрэгт дэлгүүрээр орж үйлчлүүлсэн хүнийг сэрдэж, хулгайч гэж зодож тамлаж байна.

-ДЭЛГҮҮРИЙН БИЧЛЭГТ БҮХ ЗҮЙЛ ТОДОРХОЙ БАЙСАН-

Дахиад яах гэж дуудсан юм бол?

– Өглөө нь намайг очиход Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэрэг хариуцсан дэд дарга н.Ганбаяр гэдэг хүн намайг өрөөндөө хүлээн авч уулзсан. Тэгээд надаас юу болсон талаар асуусан. Би өчигдрийнхөө болсон үйл явдлыг бүгдийг нь ярьсан. Тэгтэл “Чи нэн түрүүнд эрүүл мэндээ бодох ёстой. Чи эмнэлгээр явж наад зураг хөргөө авахуул. Эрүүл мэндээ үзүүл” гээд цагдаагийн газраас надад машин гаргаж өгсөн. Бас нэг хүн хянахаар цагдаагийн хүнтэй хамт явуулсан. Эхлээд “Гялс” төв дээр очиж зураг хөргөө авахуулахад “Миний зүүн гарын шуунд цус хуралттай, эрүүний яс цуурсан, хоёр мөрний зөөлөн эд хэт их бяцралттай” гэсэн онош тавьсан. Тэгээд “Гялс” төвийн эмч миний зургийг аваад “Цаад талд чинь цагдаа байгаа юм бол бидний энэ дүгнэлтэд итгэдэггүй юм. Чи шүүх эмнэлэгт заавал үзүүл. Шүүх эмнэлгээр шинжилгээ хийлгэ” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө цагдаагийн машинтай шууд шүүх эмнэлэг рүү явсан. Тэнд очтол “Заавал цагдаагийн газраас бичигтэй ирсэн тохиолдолд шүүх эмнэлэгт үзүүлдэг” гэлээ. Тэгээд би бүх зүйлийг баттай болгохын тулд буцаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон. Нөгөө н.Ганбаяр даргатай нь уулзсан. Тэгсэн миний өөдөөс “Наад дүгнэлтэнд чинь итгэж байна” гээд тухайн үедээ шүүх эмнэлгийн бичиг хийж өгөөгүй.

-Таныг буруугүй гэдгийг яаж нотолсон бэ?

Тэр дэлгүүрийн бичлэг дээр би нүүрс аваад гарч яваа нь бичигдсэн байгаа юм. Намайг ороод гарсны дараа нь тэр хулгайч зурагт аваад  гарсан нь бичигдсэн юм билээ. Цаг минут бүх зүйл нь зөрж байгаа. Ийм ойлгомжтой юмыг тэр хоёр цагдаа огт хайхарч үзээгүй. Ямар ч дүн шинжилгээ хийгээгүй.  Одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийнхан тодорхой зүйлийг булзааруулах гэж үзэж байгаа. Тэр бичлэг дээрх нүүрс аваад явж байгаа хүн намайг мөн эсэхийг Шүүхийн шинжилгээний албаар шалгуулна гэсэн. Тэрнээс хойш дахиад долоо хоног өнгөрлөө. Над руу ердөө ярьсангүй.

ХОЁР САЯ ТӨГРӨГ ӨГЬЕ, ГОМДЛОО ТАТЧИХ ГЭЖ ГУЙСАН-

-ЦЕГ-ын Ёс журмын албанд хэзээ хандсан юм бэ?

-Шүүх эмнэлгийн бичиг хийж өгөхгүй болохоор нь ЦЕГ-ийн Ёс журмын алба руу нь дуудлага өгсөн.  Тэнд н..Мөнхзул гээд хүн ирсэн. Надаас байцаалт аваад бас намайг зодсон н.Мижидсамдан, н.Тулга гэх хоёр цагдаагаас байцаалт авна гээд аваад явсан. Би байцаалт авсныг нь хараагүй. Энэ үйл явдал бол тав дахийн орой. Тэгээд надад нэг дэх өдөр танаас тусгай байцаалт авна. Ямар нөхцөл байдал үүссэн, энэ бүхнийг тогтооно гэсэн. Гэтэл нэг дэх өдөр намайг ЦЕГ-ийн Ёс журмын албанаас ерөөсөө дуудаагүй. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудсан. Очтол шинэ байцаагч дээр чамайг томилсон гэсэн. Ингээд би тэр шинэ байцаагчид нь бүх болсон зүйлийг ярьсан. Тэр өдөр гуравдугаар сарын 04-ний өдөр байсан. Намайг зодсон хоёр цагдаа юу ч болоогүй юм шиг миний хажуугаар зөрж өнгөрөөд л ажлаа хийгээд байгаа юм. Ингээд дуудахгүй болохоор нь  “Ёс журмын хэлтэс” рүү дахиад очсон. Очоод “Надад шүүх эмнэлгийн бичиг хэрэгтэй байна. Эрүүл мэндийнхээ шинжилгээг тодорхойлуулж, эмчилгээ хийлгэмээр байна” гэсэн. Тэгтэл намайг “Ёс журмын алба”-ны н.Ариунбат дарга руу оруулсан. Би дахиад л болсон зүйлээ ярьсан. Тэгтэл “Ёс журмын алба шүүх эмнэлгийн бичиг хийж өгдөггүй юм. Тэр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсээсээ ав. Утсаар ярьчихлаа тэндээс бичиг хийж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би итгээд буцаад Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэс рүү нь очсон. Гэтэл  н.Ганбаяр дарга нь хуралтай энэ тэр гээд надад олдоогүй.

-Тэгээд та шүүх эмнэлэгт үзүүлэх бичгээ одоо болтол аваагүй байгаа хэрэг үү?

-Ингээд явсаар байж хоёр долоо хоног өнгөрчихлөө. Өчигдөр өглөө л надад шүүх эмнэлгийн бичгийг Мөрдөн байцаах газраас гаргаж өгч байна. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацана, энэ тэр гэсний буянаар шүү дээ. Энэ 14 хоногийн хугацаанд намайг зодсон хоёр цагдаагийн дарга нар нь намайг дуудаж уулзаад “ “Ёс журмын алба”-наас өргөдлөө татаад авчих. Тохиролцъё. Мөнгө төгрөг өгье” гэхэд нь би зөвшөөрөөгүй. Хэвлэл мэдээллээр цацлаа шүү гэхэд дахиад өрөөндөө дуудсан. Тэгээд “Хоёр сая төгрөг өгье. Хөөрхий муу төрийн албан хаагч нар зээлгүй хүн байдаггүй. Энэ хоёр маань хүнээс гуйж зээл тавьж байж сая сая төгрөг өгье гэнэ” гээд гуйгаад байсан. Би огт зөвшөөрөөгүй. Энэ хоёр долоо хоногийн хугацаанд хоёр гар, мөр янгинаад, юм идэж чадахгүй эрүү өвдөөд хөдөлмөрийн чадвар алдсан байдалтай байлаа.

-ДӨРВӨН ХҮҮХДЭЭ ХУЛГАЙ ХИЙЖ ТЭЖЭЭДЭГ ЮМ УУ ГЭЖ ДОРОМЖИЛСОН-

-Шүүх эмнэлэгт очиж шинжилгээгээ өгөв үү?

-Өчигдөр очсон. Шүүх эмнэлгийн эмч нь компьютер дээр юм бичиж тэмдэглэж, эмчийн дүгнэлтийг харж байснаа өөр нэг эмчид зурагнуудаа үзүүлээд ир гэлээ. Гэтэл нөгөө эмч нь миний гэмтсэн эд эрхтэний зургийг хальт харав уу, үгүй юу ямар ч гэмтэлгүй юм байна гэсэн дүгнэлт гаргасан. Хоёр долоо хоног шүүх эмнэлгийн бичиг өгөхгүй байж байж гэнэт өгөнгүүтээ өнөөдөр шүүх эмнэлэгт оч гэж надаас шаадсаныг би хардаж байна. Цагдаагийн байгууллага танил талаараа дамжуулан шүүх эмнэлгийн эмч нарт нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс ч би өчигдөр тэр дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрч чадахгүй, өчнөөн олон эмчид үзүүлэхэд бүгд гэмтэлтэй гэж гаргасан байхад танайх яахаараа гэмтэлгүй гэж гаргаж байгаа юм гэхэд “за маргааш өглөө дахиад зургаа авахуулаад ир” гээд дүгнэлт гаргаж өгсөнгүй. Өөрсдийнх нь бусармаг, муухай үйлдлийг нуух далдлах арга цаагуураа явагдаад байгаа юм болов уу гэж ойлгож байна.

-Таныг зодсон цагдаа нарыг ажлаас нь чөлөөлсөн гэсэн. Үнэн үү?

-Тэр хоёр цагдаа нь өнөөдрийг хүртэл зүгээр л ажлаа хийгээд явж байгаа. Гэтэл ЦЕГ-ын хэвлэл мэдээлийн төвөөс нь тэр хоёр цагдааг ажлаас нь чөлөөлчихсөн. Байцаалт авч байна гэж яриад байгаа байхгүй юу. Би энэ хэргийг үнэн мөн нь илэртэл хэвлэл  мэдээллийн хэрэгслээр цацна. Надад баримтууд нь байгаа. Цагдаагийн дарга нь надад хоёр сая төгрөг өгье гэж хэлсэн бичлэг хүртэл надад байна. Дэлгүүрийн худалдагчид болсон байдлыг хэлээд бичлэгийг нь бүрэн эхээр нь үзэж болох уу гэхэд “Болохгүй. Тэр хоёр цагдаа кодлоод явчихсан” гэж байна. Уг нь цагдаагийн газрын дарга нь намайг очоод бичлэгээ үзэж шалгаж болно гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би цагдаагийн газрын дарга руу нь ярьсан. Тэгтэл “Тийм эрх манай цагдаа нарт байдаггүй. Кодлоогүй” гэсэн. Буцаад дэлгүүрт ороод кодлоогүй гэж байна гэхэд “Манай бичлэг устчихсан” гэж хэлж байгаа юм. Сонирхолтой байгаа биз. Тэр дэлгүүр ч тэр, цагдаа нар ч тэр бичлэгийг бүрэн эхээр нь ердөө үзүүлэхгүй байгаа байхгүй юу. Би энэ хэргийг хэвлэл мэдээллийн хэрэслээр цацаж байгаа нь шалтгаантай.  Монгол Улсад амьдарч байгаа залуу гэр бүл, дөрвөн хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй л бол хулгай хийж амьдардаг гэж цагдаа нар боддог болсон байна. Би ингэж хэлсэнд нь үнэхээр их эмзэглэсэн. Зүгээр мөрөөрөө амьдарч явж байсан хүмүүсийг хулгайд сэрдээд, ямар ч мөрдлөгө хийхгүйгээр ажиллаж, хүнийг зодож дарамталж байна. Эхнэр бид хоёр тэгж ажилгүй гэртээ суудаг хүмүүс биш. Хувиараа барилгын ажил хийж, барилгын материал нийлүүлдэг. Цагдаа нар өөрсдийнхөө таамгаар хүчээр тулган шаардаж, гэмгүй хүнийг гэмтэй болгож, бие махбод, сэтгэл санаанд нь хохирол учруулж байна.  Би энэ хэргийн учрыг олдтол явах газраар нь явна.

 

 

Эх сурвалж: Мэдээ.мн

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …