Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг Монголын зэвсэгт хүчин, Монгол цэргийн баярын өдөр болгон тэмдэглэдэг билээ.
Мөн энэ өдрүүдэд
- Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 80 жил
- Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 80 жил
- Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн 80 жил
- Монгол цэргийн музейн 50 жил
- ”Алдар” спорт хорооны 70 жил
- Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн 95 жилийн ой тус тус тохиож байна.
Өнөөдрийн байдлаар 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 300 гаруй ахмад дайчид амьд сэрүүн байгаа аж. Тэдний хамгийн залуу нь 90 гаруй настай, харин хамгийн буурай нь 103 насыг зооглож байна.
Мөн Монгол Улсын 1000 гаруй алба хаагч хилийн чанадад энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа юм. Дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог 20 улсын нэгд Монгол Улс зүй ёсоор тооцогдох болсон амжилтаар зэвсэгт хүчний баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тухайлбал, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсаас 2002 оноос хойш давхардсан тоогоор 12 мянга гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Эдгээрийн 1185 цэргийн алба хаагч нь одоо ч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан өчигдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Эх сурвалж: ЗХЖШ