Бид бүгд л шөнө сайн унтаж амрах нь чухал гэдгийг сайн мэддэг. Нойр дутуу байх нь таныг уур уцаартай, тогтворгүй болгож, мэдээлэл хүлээн авах чадварыг бууруулдаг бөгөөд таны бүтээлч байдал бүхэлдээ алдагддаг. Гэвч заримдаа үнэхээр шөнө бүрэн амрах боломжгүй тийм завгүй үеүүд таарах нь ч бий. Тиймээс та бүхэнд өдрийн турш хэрхэн эрч хүчээ хадгалах талаар хэдэн зөвлөгөөг хүргэе.
Хөшгөө нээлттэй байлга
Ялангуяа өглөө эрт сэрээд шууд хөшгөө нээх нь танд өдрийн турш шаардагдах эрч хүчийг өгөх болно. Энэ дүрэм таны ажиллах өрөөнд ч мөн хамааралтай. Өөрөөр хэлбэл гэрэлтэй орчинд байх нь хүний нойрмог байдлыг үгүй хийж байдаг. Бүүдгэр, харанхуй орчин хүнд өөрийн мэдэлгүй унтах ёстой гэсэн дохиог өгч байдаг. Тиймээс гэрлээ асаа, хөшгөө нээ.
Хүйтэн шүршүүрт ор
Ердөө 30-60 секунд л хүйтэн шүршүүрт ороход танд өдрийн турш шаардлагатай адреналинийг ялгаруулж өгдөг. Өглөөд усанд орох зав гарсан л бол заавал энэ дүрмийг дагаарай.
Гүнзгий амьсгал
Хамраараа таван секунтын турш амьсгаа авч амаараа хоёр секунтын турш аажмаар амьсгаагаа гарга. Энэ бол зөв амьсгалах эхний дүрэм. Өдөрт энэ дасгалыг 5 удаа хийхэд л хангалттай.
Өдөр хэт “хүнд” хоол идэхгүй байх
Хэрэв та шөнө хангалттай унтаж амраагүй бол өдөр хүнд хоол идэх нь яг л нойрны эм уусантай адилхан үйлчлэх болно. Өөрөөр хэлбэл хэт их хүнд хоол идэх нь таны биеийн эд эрхтнийг дарангуйлж, идэвхтэй ажиллагааг нь сааруулж байдаг. Ингэснээр та шууд л ядарч эхлэх болно.
Уургаар баялаг хоол идэх
Өдөрт 20-35 гр уураг хэрэглэхэд л танд өдрийн турш шаардагдах эрч хүчийг өгдөг. Өндөг, ногооны салат дээр нь гарын алганы хэмжээнээс томгүй мах. Ийм жоохон зүйл идэхэд л та өөрт хэрэгтэй хангалттай уураг, амин дэмийг авах болно. Орой хоол идэхгүйн тулд өдрийн хоолондоо хэмжээгүй их идэх нь таны хоол идэх дуршлыг улам бүр нэмэгдүүлж, орой болоход та өөрийн мэдэлгүй хөргөгч рүү гүйх вий.
Хэт их кофе уухгүй байх
Өдөржингөө кофены машины дэргэд эргэлдэх нь танд шаардлагатай байгаа эрч хүчийг өгөх нь юу л бол. Мэдээж кофе уухаар хүний сэтгэл санаа сэргэдэг ч гэсэн хэтрүүлвэл харин ч эсэргээрээ үйлчлэх нь бий. Өдөрт 50-100 мл кофе уухад л та хангалттай сэргэх болно. Ерөнхийдөө өдрийн турш дөрвөн цаг тутам 1 аяга кофе уух нь хамгийн зохистой хэмжээ бөгөөд үдээс хойш 4 цагаас хойш кофе уухгүй байх нь танд шөнө хангалттай нойр авахад туслах болно.
Кофе уусны дараа түр дугхийх
Та кофе уусныхаа дараа бага зэрэг унтаж авах тухай бараг сонсож байгаагүй байх. Гэхдээ нэг аяга эспрессо уусны дараа 25-30 минутын турш дугхийснээр кофе жинхэнэ утгаараа үйлчилдэг байна. Кофены бодис нь хүний биед бүрэн шингэхийн тулд 45 минут турш шаардлагатай байдаг бөгөөд дээр дурдсан хугацаанд унтаад сэрэх үед кофе таны биеийн эд эсэд бүрэн шингэж таардаг. Та өмнө нь энэ аргын талаар туршиж үзээгүй бол яагаад туршиж болохгүй гэж.
Эх үүсвэр: Entrepreneur