Гурван толгойтой гэгддэг ч үнэн хэрэгтээ өнгөлөн далдлалт болгосон энэ нам Ардчилсан намтай нэгдэх туйлын сонирхолтой байсан ч хүсвэл хясна гэгч болсон.
Ганц хүний нам гэдэг нэрийг эртнээс зүүснээсээ болоод УИХ-ын гишүүн С.Оюун эмэгтэй хүний хатан ухаан гаргаж, намаа олон ургальч үзлээр асуудалд ханддаг, олон даргатай гэсэн имижээр чимэхийг хичээсэн ч тусыг эс олов. Бахь л байдгаараа. Гишүүд нь огтхон ч тодордоггүй. Тодрох ч боломжийг өгдөггүй гэдэг шүүмжлэлд байнга шахам өртдөг ч ИЗНН сандал суудлын хуваарилалтад яаж ийгээд багтчихдаг нь УИХ-д байгаа 2 суудлынх нь ач гавьяа юм.
Гишүүдийнх нь тодорхойлсноор “Анхиагүй, унхиагүй” Ерөнхий нарийн бичгийн даргатай, албан тушаал, алдар хүндээс өөр тоох зүйлгүй дарга нартай Иргэний зориг ногоон нам үнэгүйдэж дууссан юм байх. Сонгуульд нэр дэвших хүн ч олдохгүй, сандал суудлын төлөөх дажингаас нь болоод зарим нэг гишүүн нь нүүр буруулж, ёстой л нөгөө нусаа хамартаа наана гэгчийн үлгэр энэ намд нүүрлээд байгаа гэнэ.
Ерөнхий сайд асны хүү гэдэг нэрнээс өөр цаашгүй Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян нь намынхаа гал тогоог хариуцаад явчихаж чадахгүй байгаагаас болоод санхүүжилтийн асуудал нь хүндэрч, цалин цайгаа ч тавьж чадахгүйд хүрч, данс нь улаанаараа эргэлджээ.
УИХ-ын гишүүн 2 дарга нь ч санхүүжилтийн асуудал дээр цөхрөнгөө барсандаа Ардчилсан намтай нэгдэх асуудлыг ч зөвшөөрсөн бололтой юм даг уу даа.
Ийм нэг нэр хүнд нь ч шалдаа буусан, хэн ч тоодоггүй, тоогдох гэж хичээсэн ч хүслийг нь хууль хясчихдаг нам улс төрд тэсч үлдэх эсэхээ ирэх сонгуулиар шалгуулах гээд сэтгэл түгшин хүлээж байгаа бололтой юм.
Эх сурвалж: Zaluu.com