Мөрөөдлөө биелүүлэхэд туслах арга

set_clear_goals_for_your_small_business_to_be_successfulМөрөөдлөө зөв хэлбэржүүлэхгүй бол биелэхгүй, эсвэл биелсэнд нь та баярлахгүй, харин ч харамсаж магадгүй юм болно. Тиймээс дараахь хэдэн дүрмийн дагуу “ажиллаарай”.

1. Хэзээ ч өөр хүнд муу юм бүү хүс. Таны хүсэл зөвхөн сайхан энерги агуулж байх ёстой. Санаандгүйгээр ч, хүнд муу юм болох байдлаар хүслээ илэрхийлэхээс болгоомжлоорой. “Доржийг халаад оронд нь намайг тавиасай” гэж хүсэхийнхээ оронд “Би хэлтсийн дарга болохыг хүсч байна” гэх хэрэгтэй. Биднээс гарч байгаа юм бүхэн бидэн рүү буцаж ирдэг гэдгийг санах хэрэгтэй.

2. Хүсэл бодлоо бодохдоо хэзээ ч “үгүй” гэсэн утгаар илэрхийлж  болохгүй. “Энэ жил дахиж тэнэгтэхгүй” гэхийн оронд “Энэ жил би их ухаалаг ажиллана”, “Энэ жил арчаагүй, мөнгөгүй байхгүй” гэхийн оронд “ Энэ жил мөнгөтэй, арчаатай явна” гэх мэтээр. Мөн муу үгийг оруулахгүй байх хэрэгтэй. “Би өвчнөөсөө сална” гэхийн оронд “Би цоо эрүүл болно” гэх мэтээр. Хүсээгүй юмаа огт хэлэхгүй, эсрэг утгын сайн үгийг хэрэглэх ёстой. Дээд тэнгэр найруулгын дүрмийг мэдэхгүй, зөвхөн үндсэн үгнүүдийг л ойлгоно гэж бод.

3. Таны хүсэл тань биелэх боломжтой хүсэл байх ёстой. Хэрэв та 160 см өндөртэй байж топ – модель, эсвэл мэргэжлийн сагсчин болно гэж хүсвэл утгагүй.

4. Хүсэл тань зөвхөн тантай л холбоотой байх ёстой. Бусад хүний тухай байх ёсгүй, яагаад гэвэл бусдын хувь заяаг бидний хүслээр өөрчилдөггүй юм. “Дорж надад дурлаг” гэхийн оронд “Би жинхэнэ хайртайгаа учирна” гэж бодох ёстой. “Эрдэнээ дарга намайг орлогчоороо тавиг” гэхийн оронд “ Би орлогч дарга болно” гэх учиртай. Ер нь хүслийн биелэл ирэх тодорхой цэгийг бодох заах шаардлага байхгүй, биелэл таны огт бодоогүй газраас ч ирдэг юм.

5. Хүслээ бодож бичих үед тань бүх юм төгс сайхан байх ёстой. Нүүрээ ч угаахгүй халадтайгаа суугаад, хагархай үзгээр цаасны оронцог дээр бичиж хэрхэвч болохгүй. Сайхан хувцастай, нүүр, үсээ янзалчихаад, аятайхан үзгээр сайн цаасан дээр хүслээ бичих хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлдөө зохих хүндэтгэлийг үзүүлэхгүй бол яаж биелэх вэ дээ?

6. Хүсэл тань биелсний дараа гарах үр дүнг сайтар эргэцүүлж бодоорой. Энэ танд үнэхээр хэрэгтэй юу? Үүнээс ямар үр дагавар гарч болзошгүй вэ? Тэр үр дагаваруудаас бас юу гарч болзошгүй вэ? Бүхнийг ургуулан бодож ирээдүйгээ тооцож байж хүсэх хэрэгтэй.

7. За ингээд хүслээ яг зөв гэдэгт итгэлтэй байгаа бол биелнэ гэдэгт 100% итгэлтэйгээр шивнэн бичээрэй. Ямар ч эргэлзээ байх ёсгүй шүү. Биелчихсэн байгаа мэтээр төсөөлөн бод.

8. Юу хүссэн тухайгаа хэнд ч бүү хэл. Биелсний дараа л хэл. Сайн найз чинь ч санамсаргүйгээр хүслийг тань баллачихаж магад. Тэгээд биелээгүй тохиолдолд танаар тоглоом хийх бололцоог хэнд ч бүү өг.

9. Хүслээ илгээх үедээ сэтгэл санаагаа маш эерэг болгосон байх хэрэгтэй. Сайхан ааштай, өөдрөг сэтгэлтэй байх ёстой. Хэрэв таныг хэн нэг нь уурлуулсан, гомдоосон бол ийм байдалтайгаар хүсэл бодоод хэрэггүй. Та хүслээ зохих энергээр тэтгэж чадахгүй тул биелэхгүй. Тэгснээс хүлээж байгаад өөр бололцоотой үеийг ашигласан нь дээр.

10. За ингээд бүх юм бүрдсэн бол хүслээ илгээ. Байнга түүнийгээ бодоод байж хэрэггүй, тань дээр уягдаад, сансар огторгуй рүү очихгүй байвал яана? Бодоод л мартчих хэрэгтэй.

Харин баярын дараа хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхмуудыг хийнэ. Мөрөөдөл гэдэг бол хийсвэр эд, ямар ч барьцгүй. Тэгэхээр түүнийг барьцтай, бодитой болгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл мөрөөдлөө зорилго болгоно. Ялгааг нь мэдэрч байна уу? Жишээн дээр тайлбарлая: “Нээх гоё машинтай болох юмсан” – энэ бол мөрөөдөл. Харин “ 2010 оны 10 сарын 15 гэхэд би 2009 оны BMW 530i  авчихсан байна даа. Хар хөх өнгөтэй, цайвар бор шар өнгийн савхин суудлын бүрээстэй, дугуйндаа 10 цацрагтай  дисктэй….” – энэ бол зорилго. Зорилго хэдий чинээ тодорхой байна, таны дотоод ухамсар түүнийг төдий чинээ сайн ойлгон хүлээн авна. Тийм ч учраас “зорилго дээрээ төвлөрөх” гэдэг шүү дээ. Ингээд мөрөөдлөө зорилго болгож тодорхойлсон бол мөрөөдөл тань биелэх замдаа орлоо гэсэн үг.

Дараагийн алхам бол зорилгоо биелүүлэх төлөвлөгөөгөө боловсруулах. Төлөвлөгөөгүйгээр зорилгодоо хүрнэ гэж байхгүй. Төлөвлөгөө гэдэг бол эрдэнэсийн санг олох боломж өгөх газрын зураг гэсэн үг.

Төлөвлөгөөг хэрхэн зохиох талаар зөвлөмж өгөхөд хэцүү. Учир нь таны зорилгод хүрэх боломж бүхий замыг танаас өөр хэн ч мэдэхгүй шүү дээ. Мэдээж баярын маргааш босонгуутаа таныг төлөвлөгөөгөө боловсруул гэхгүй. Магадгүй, таны төлөвлөгөө хавар тийшээ, тэр байтугай зун тийшээ ч боловсорч болно. Ямар ч байсан, та энэ төлөвлөгөөгөө боловсруулах асуудлыг эхний зорилгоо болгочих. Та арга замыг хайж тодорхой үйлдэл хийнэ гэдэг л чухал.

Төлөвлөгөө бэлэн болсны дараа, мэдээж хэрэгжүүлэх үйлдлүүдийг хийж таарна. Эхний үйлдлүүдийг та хийчихсэн байгаа: мөрөөдлөө таньчихсан, зорилгоо хэлбэржүүлчихсэн, төлөвлөгөөгөө боловсруулчихсан. Мэдээж энэ бол их чухал үйлдлүүд, мөрөөдлөө биелүүлэх замыг тодорхойлсон үйлдлүүд. Одоо харин төлөвлөгөө – газрын зурган дээр заагдсаныхаа дагуу явах хэрэгтэй. Энэ хэсэг хамгийн урт, хамгийн бэрхшээлтэй хэсэг байдаг. Энэ замаар явахад танд олон саад тохиолдох болно. Саад тотгоруудыг гарал үүслийнх нь байдлаар дотоод болон гадаад гэж хувааж болно.

Дотоод саад бэрхшээлүүд бол тухайн хүний итгэл хатуужил, зан ааштай холбоотой. Зарим хүн сэтгэлийн тэнхээгээрээ амжилтанд хүрдэг бол, нөгөөх нь цаглашгүй зүтгэл, эсвэл мэдлэг чадвараараа хүрдэг байх жишээтэй. Гадаад бэрхшээлд танаас шалтгаалаагүй нөхцөл байдлуудыг авч үзнэ. Жишээ нь та нэг бизнес хийж эхэллээ гэхэд таны талбай түрээсэлж байгаа байгууллага эрчим хүчний төлбөрөө хийгээгүйгээс цахилгаанаа байн байн таслуулж таны ажилд саад болж байвал энэ танаас шалтгаалаагүй бэрхшээл, тийм үү? Та бусад хүмүүсийн үйлдлийг хариуцаж чадахгүй нь ойлгомжтой. Харин энэ гадаад нөхцөл байдал – бэрхшээлд та яаж хандах гэдэг нь таны дотоод хүчин зүйл болоод явчихна. Үүн дээр бол та ажиллаж болно, ажиллах ч ёстой юм. Дараагийн дугаартаа өөр дээрээ хэрхэн ажиллаж шинэ оныхоо мөрөөдлийг хэрэгжүүлэх замыг хялбаршуулж эцсийн эцэст хүссэн үр дүндээ хүрэх талаар тодорхой ярилцъя.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …