Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 8 байршилд нэмж хэрэгжүүлнэ

Snapshot_2013-07-31_124212 УИХ-ын чуулганаар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”,  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжинд 12 байршилд хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийг удахгүй эхлүүлэхээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 сарын 30-ны ээлжит хуралдаанаар хэлэлцсэн байна. Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтийн зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй энэ ажлын 2 дугаар ээлжинд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон тухайн хэсгийн оршин суугчдын хүсэлтийн дагуу дараахи 8 байршлыг тусгажээ.
1. Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,8 га
–  228 хүн амтай, нийт 57 нэгж талбарыг хамарна. 1 давхар амины орон сууцнууд барихаар төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөлтөөр 107 өрх байхаар төлөвлөжээ.
2. Баянзүрх дүүргийн 2 –р хорооны нутаг дэвсгэр дэх “Дахь эх” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 12 га
–  580 хүн амтай, нийт 145 нэгж талбарыг хамарна. Тус амины орон сууцны хороололд ерөнхий төлөвлөгөөр 700 орчим айл өрх байхаар төлөвлөжээ.
3. Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Сансар сөх” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,9 га
–  1400 хүн амтай, 2 орцтой 5 давхар орон сууцны барилга 13 ширхэг, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис аж ахуй үйлчилгээний барилга байгууламж төлөвлөжээ.
4. Баянзүрх дүүргийн 2, 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөө 70 га
–  8460 хүн амтай, 2 давхар амины орон сууц 65 ширхэг, 5 давхар нийтийн орон сууц 51 ширхэг, 9 давхар нийтийн орон сууц 4 ширхэг, 19 давхар үйлчилгээтэй орон сууц 5 ширхэг, Засаг захиргааны нэгдсэн контор 1, Ерөнхий боловсролын 3 сургууль, 2 цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний 13 барилга, их, дээд сургууль 3, 10,2 км автозам  барихаар төлөвлөжээ.
5. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржайлин хийд” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 7,6 га
– 356 хүн амтай, 22,4 км цэвэр усны шугам, 300м3 ус шахах хүчин чадалтай насос станц, 58, 35, 102-р сургууль, 109, 103-р цэцэрлэг, өрхийн эмнэлэг, гал команд усны шугамд холбогдсон байхаар төлөвлөжээ.
6. Баянгол дүүргийн 10,11-р хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93 га
–  5640 хүн амтай, 2 орцтой 5 давхар орон сууцны 13 барилга, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис, аж ахуйн үйлчилгээний барилга байгууламж байхаар төлөвлөжээ.
7. Хан-уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 16,5 га
–  520 хүн амтай, нийт 130 нэгж талбарыг хамарна. 12 давхар орон сууцны барилга 16 ширхэг, 12 давхар үйлчилгээний орон сууц 3 ширхэг, 1-3 давхар худалдаа үйлчилгээний барилга 4 ширхэг, амины орон сууц 108 ширхэг, 640 сурагчтай 1 сургууль, 230 хүүхдийн 1 цэцэрлэг байхаар төлөвлөжээ.
8. Багануур дүүргийн 1,5-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 78,7 га
– 4200 хүн амтай, нийт 270 нэгж талбар хамарна. Төлөвлөлтөөр хүн ам нь 6052 хүрна. Орон сууцны 60, гэр сууц 1180, худалдаа үйлчилгээний 2 барилга байхаар төлөвлөжээ.Дээрхи 8 байршилд дахин төлөвлөлтийн 2 дугаар ээлжийг хэрэгжүүлэхээр тооцолсон бөгөөд уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэнээр нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …