Угсармал орон сууцыг дулаалснаар дулааны алдагдал 35-40 хувиар буурна

p180p85rlo1mfoc0v1erst61hr71 Улаанбаатар хотод 1965-2000 онд барьсан 1000 гаруй  угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцанд нийслэлийн хүн амын 20 гаруй хувь нь амьдарч байгаа бөгөөд ашиглалтад ороод удсан учраас хана, шал, таазны зай завсраар  дулаанаа алдаж,  дулааны хувийн алдагдал норматив хэмжээнээс 35-40 хувиар нэмэгджээ. Дулааны алдагдал ихтэй байх нь эрчим хүчний хэрэглээг тэр хэрээр нэмдэг юм байна. Тиймээс Улаанбаатар хотын эрчим хүчнийг хэмнэж, зохистой хэрэглээг бий болгохын тулд угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн инженерүүд судалжээ.  Дулаан алдагдалыг багасгахын тулд угсармал орон сууцыг сүүлийн үед шинэ барилгуудад өргөнөөр ашиглагдаж байгаа полистрол буюу хөөсөнцөр дулаалгаар дулаалахад алдагдал 35-40 хувиар буурах боломжтой юм. Улаанбаатар хотын бүх угсармал орон сууцыг ингэж дулаалбал хотын сүлжээнд 80 Гкал/ц орчим дулааны нөөц гарах боломжтой юм байна. Энэ нь 3,4-р хорооллуудын хэмжээний орон сууцны хорооллыг дулаанаар хангах, цаашилбал шинээр дахин төлөвлөлт хийж байгаа гэр хорооллуудад сүндэрлэх орон сууцны хорооллын дулааныг шийдвэрлэхэд маш чухал нөлөө үзүүлэх юм байна. Улаанбаатар дулааны сүлжээ ХК-иас туршилтаар Чингэлтэй дүүрэг, 6-р хорооллын 8 дугаар байрыг дулаалж, дулааны алдагдлыг хэмжиж үзэхэд нэг цагт 1,1т/ц дулаан хэмнэсэн байна. Тиймээс дулааны алдагдалтай угсармал барилгуудыг дулаалах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …