Хөшигтийн хөндийн нисэх буудлын гүйцэтгэл 73 хувьтай байна

Онцлох бүтээн байгуулалтын нэг, хүлээлт үүсгэж буй Хөшигтийн хөндийн нисэх буудал буюу Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын цогцолборын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 73.5 хувийг даваад байгаа талаар төслийн багийнхнаас мэдээллээ.

Одоогоор зорчигч үйлчилгээний барилга болон үндсэн барилга, байгууламжуудын төмөр бетон хийц угсралт бүрэн дууссан байдалтай байна. Мөн зорчигч үйлчилгээний барилга, нислэг хөдөлгөөний удирдлагын цамхагийн ган хийц, шилэн фасадын угсралт, зорчигч үйлчилгээний барилгын дээврийн хучилт, хөөрч, буух зурвас болон явгалах замын бетон цутгах ажил бүрэн дуусаад байна. Онгоцны сумлагааны гидрант системийн байгууламжийн барилга угсралтын ажил, нисэх буудлын зам, талбайн асфальт хучилтын ажлуудыг 2015 онд эхлүүлээд байгаа юм.

Төслийн нэгжээс мэдээлж байгаагаар төслийн Ерөнхий туслан гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн ажилтнууд хоёрдугаар сарын 28-ны өдрөөс, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Зөвлөх компани, Төслийн Ерөнхий гүйцэтгэгч нар гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн талбай дахь оффист шилжин ажиллаж байгаа юм байна. Хоёрдугаар сарын байдлаар шинэ нисэх буудлын төсөлд туслан гүйцэтгэгчээр 53 компани ажилласнаас дотоодын 41 аж ахуйн нэгж байгаа аж.

 Ийнхүү 2016 онд ажлын гүйцэтгэлийг 99.99 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаа бол төлөвлөгөөний дагуу 2017 оны нэгдүгээр сард буудлыг ашиглалтад өгнө. Харин нисэх буудалд холбогдох хурдны авто замыг БНХАУ-ын “Эксим” банкны зээлийн хөрөнгөөр барихаар болсон юм. Гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг Групп” шалгараад байна. Харин Зам, Тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу барилгын ажлыг дөрөвдүгээр сарын нэгний өдөр эхлүүлэх болсон талаар тус яамнаас мэдээллээ. Монголын талын санхүүжилтээр барих бусад объект болох захиргааны барилга, аэродромын үйлчилгээний барилга болон ачаа, шуудан тээврийн барилгуудад барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил ид явагдаж байна.

 эх сурвалж:zaluu.com

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …