Энэ сарын 18, 19-нд Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймагт газар хөдөлжээ. Тодруулбал,Баянхонгор аймгийн Баацагаан сумаас зүүн урд зүгт 15 км-ийн зайд “Нарийн гол” /У-99059I, Ө-45049I/ гэдэг газарт 2016.03.18-ны өдрийн 14:09:54 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГСХ-ээс мэдээлсэн. Тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Эрдэнэбат аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн урд зүгт 180 км /У-99059I, Ө-45049I/-ийн зайд 2016.03.18-ны өдрийн 19:35:34 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГСХ-ээс мэдээлсэн. Тус сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж Газар хөдлөлийг бүртгэх “Алтай” станцын эрдэм шинжилгээний ажилтан Б.Батболд аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Өмнөговь аймгийн Булган сумаас баруун хойт зүгт 49 км-ийн зайд Дэн багийн “Хайрхан эрэг” /У-102099I, Ө-44028I/ гэдэг газарт 2016.03.19-ний өдрийн 19:44:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГСХ-ээс мэдээлсэн. Тус нутгийн иргэдийн гэрт нь яндан хөдлөх, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарч, гадаа явж байсан хүнд газар дайвалзах шиг мэдрэгдсэн. Учирсан хохирол байхгүй гэж сумын Засаг дарга Ү.Баяртогтох аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
эх сурвалж: umnugovi.mn