УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Архангай аймагт ажиллахдаа тус аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Төрийн банкны Архангай салбар нь аймгийн нэг салбар, 19 тооцооны төвтэй, нийт 20 салбар нэгжтэй 99 ажилтантайгаар банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлж байгааг салбарын захирал Б.Соёлмаа танилцуулсан юм. Тус салбарын нийт зээлийн багц 25.4 тэрбум төгрөг бол татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 17 тэрбум юм байна.
Засгийн газрын тогтоолоор тус салбараас зээл авсан 2200 малчин өрхийн 4.9 тэрбум төгрөгийн зээл 29.5 хувиас 18.0 хувьд шилжсэн. Энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс Малчны үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй болгосон. Өнөөдрийн байдлаар 60 харилцагчид 204.7 сая төгрөгийн зээл олгоод байгаа. Мөн 30 харилцагчийн 80 сая төгрөгийн малчны зээлийг судалж байгаа талаар УИХ-ын даргад танилцууллаа. Архангай аймгийн малчин Б.Базаргүр “Сайн малчин” хөтөлбөрийн шалгуурыг хангаж, жилийн 10 хувийн хүүтэй 4 сая төгрөгийн зээл авсан байна. Ингэснээр 200.000 төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт эдэлж байгаа аж.
Архангай аймгийн Төрийн банкны салбар ипотекийн зээл авсан 6 харилцагчийн 285 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй болгож шилжүүлжээ. Ингэснээр эдгээр зээлдэгч тус бүр 15-28 сая төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт эдэлж байгаа талаар салбарын захирал танилцуулсан юм. Цаашид 131 харилцагчийн зээлийн хүүг бууруулах бэлтгэл ажил хийгдэж байгаа гэв. Иргэн Ш.Хүрэлчулуун тус банкнаас 50 сая төгрөгийн ипотекийн зээл авсан бөгөөд зээлийн хүү 5 хувь болж буурснаас 20 сая төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт эдэлж байгаа талаар Улсын Их Хурлын даргад дуулгаад “Ард иргэддээ бодит дэмжлэг болсон шийдвэр гаргасан Улсын Их Хурал, Засгийн газарт талархаж байгаагаа хэлмээр байна” гэлээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс