Монголоо умартагсад эх орноо хөгжүүлье гэхээр боловсрол, боловсрол гэнэ. Ямар боловсрол гэхээр өрнөдийн гэнэ. Тэнд ганц, хоёр сургууль төгссөн нь бусдыгаа бүдүүлэг харанхуй, өөрийгөө ухаантан гэгээнтэн гэнэ.
Гэтэл барууны хүрэх гэж яваа улс төр, нийгэм, засаглал, цэрэг болон иргэний зохион байгуулалтыг эрт үед эцэг өвгөд байгуулчихсан, хуралтай нэртэй парламенттай, Их засаг үндсэн хуультай, ихэс дордгүй хуулиа хатуу сахидаг, хулгай тонуулгүй, садар самуунгүй, гэр нь цоожгүй, шударга хүмүүнлэг, хүчирхэг улс бүтээснийг үгүйсгэнэ. Тэр үед Монгол Улс, монгол хүний эрх ашиг хамгийн ихээр хамгаалагдсан байв. Монголчууд боловсрол гэгээрэлгүйгээр эзлэгдсэн өргөн уудам их нутаг даяар энэ бүгдийг тогтоон барих, өөрсдийн эрх ашгийг хамгаалах боломжгүй байсан нь тодорхой. Гэтэл одоо л ардчиллын буянд дөнгөж гэгээрч байгаа мэт тархи угаацгаана.
Үндсэндээ 25 жил АНУ гайхамшигтай, ардчиллын үлгэр жишээ мэтээр угаасаар ирлээ. Тийм биш гэдэг нь бодит үнэн. АНУ бол цэрэг, зэвсэгт хүчиндээ асар их мөнгө зарцуулдаг онцлогтой. Бусдаар бол байдаг л орон, хангалттай саар муу зүйлтэй, өөрийн ужиг өвчинтэй. Тэдэнтэй харьцахад биднээс дээрдэх юм лав үгүй. АНУ-ын Төрийн департаментын хэвлэл мэдээлийн албаны Джэн Псакийн ярилцлага, мэдэгдлийг үзвэл өдөр болгон үүнийг нотолно. Тэрээр АНУ-ын нүүр царай, дуу хоолой бөгөөд түүний ярихыг “дэвшилтэт хүн төрөлхтөн” бүгдээр доог тохуу хийнэ.
АНУ-ын боловсролын системийн талаар онолын физикч Мичио Каку ярилцлага тайлбар хийжээ. Доорх эх сурвалжийн 3 минутаас эхлэн түүний яриа эхэлнэ. Тэрээр 1947 онд Калифорнийн Сан Хосед төрсөн, онолын физикийн салбарт дэлхийд алдартай суут нэгэн гэгддэг. Мичио Каку хэлэхдээ:
“Миний мэдэх бүх боловсролын систем дотроос АНУ хамгийн муу боловсролын системтэй. Манай төгсөгч нарын мэдлэг боловсрол гуравдагч орныхноос дорд хэмжээнд байдаг. Тэгээд АНУ-ын эрдэм шинжилгээний элит яагаад нурчихгүй байдаг вэ?
Бид тэнэгүүдийг үйлдвэрлэдэг. Манай телевиз, реалити шоуг л үзээрэй. Би нэг юм та нарт хэлье. Америкт нууц зэвсэг бий, гадаадын эрдэмтдийн виз гэж нэрлэдэг H-1B.
Google-ийг март, Silicon Valley-г март. Энэ бүгдийг америкчууд өөрсдөө хийгээгүй юм. Дандаа дүрвэгсэд хийсэн юм. АНУ бол Энэтхэг, Хятад, Орос гээд дэлхийн өнцөг булан болгоноос ухаантнуудыг сорж татдаг. Өөрсдөө бол бид тэнэгүүдийг л үйлдвэрлэдэг”.
Энэ ухаант эрдэмтний үгэн дээр нэмээд байх юмгүй ч АНУ-ын үндсэн хуулийн дагуу бүх Обама, Буш, Рейган, Клинтон нар нь уугуул америкчууд юм. Тэгэхээр Мичио саны хэлснээр АНУ-ын Ерөнхийлөгч нар ихэнх нь “тэнэгүүд” байж таарах нь. Үүнийгээ нотолсон олон ч холион бантан хийсэн дэг. Мөнгөний төлөө мөн ч их аян дайн, үхэл хагацал, гай зовлон тарилаа.
Одоогийн манай төр засгийн удирдагчдын олонх нь баруунд боловсорсон улс. Яаж ийгээд англи хэлтэй болчих юм бол боловсролтой болчих юм шиг мунхагладаг. Өнөөдөр Монголд англи хэлэндээ онц сайн боловч Монголоор бичиж чадахгүй, монгол сэтгэхүйгүй, өөрсдийгөө гэгээрлийн замд яваа гэж эндүүрэгсэд ихэссээр байна. Ийм хүмүүс гадны бодлого, гадны эрх ашгийг хамгаалж амь зуухаас өөр аргагүй байдалд орцгоодог. Барууны боловсролын систем зөвхөн өөрийн эрх ашигт үйлчлэх “бүтээгдэхүүн” гаргадаг. Эхлээд монгол хэл соёлдоо шамдан суралцаагүй, монгол хүн болоогүй хүнд ямар ч боловсрол байгаад нэмэргүй. Эцэст нь улс орны эрх ашиг эрсдэлд орно. Орсоор байна.
“Гэгээрээгүй сэтгэлтэн боловсролтой болвоос босоо ороолон лугаа онгон газар шороогоо онгичож, олон түмнээ үймүүлэх болно”
Гэгээрэл гэж англи хэл өрнөдийн боловсрол биш юм. Гэгээрэл гэж язгуур гарвалаа таних, агуу үүх түүхээсээ хичээнгүйлэн суралцах, монгол үндэстний эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, Монголоороо бахархан, сэргэн мандахын нэр юм.
Гэгээрэл гэж Монгол хүн байхын нэр юм.