Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хаваржилт хүндрэлтэй байгаа аймаг, орон нутгийн малчдад туслах зорилгоор хандивын аян өрнүүлж, тоглолт зохион байгуулсан орлогоороо малчдад 300 орчим тонн өвс, тэжээл, 40,000 гаруй нэмнээ хандивласныг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар оролцож хэлсэн үгэндээ “Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд явуулсны үр дүнд малчид өвлийг өнтэй давлаа. Гэсэн хэдий ч мал төллөж эхлээд буй энэ цаг үед зарим нутгаар хаваржилт хүндрэлтэй байх нөхцөл бүрдээд байгаа тул “Илгээлтийн эзэд” аян цагаа олсон, үр дүнтэй ажил болж байна. Ард олноо уриалсан, залуусыг манлайлсан хоёр гавьяатдаа талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.
Илгээлтийн эздийн хандивыг хаваржилт хүндэрч буй аймаг орон нутгуудад шуурхай түгээж, гүйцэтгэлийг тайлагнах болно гэдгээ Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.