Удтал хүлээлт үүсгээд байсан таван хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжиж эхэллээ. Эрх баригчид хэлсэн амандаа хүрч, бага хүүтэй зээлийг хэрэгжүүллээ хэмээн додигор суугаа. Харамсалтай нь уг зээл олон хүнийг баярлуулахгүй юм байна. Өөрөөр хэлбэл таван хувийн зээл олонхид биш цөөнхөд зориулагджээ.
Энэ зээлд орон сууцны ипотекийн зээлтэй 78 мянга орчим иргэн, цаашид байршил харгалзахгүй /ялангуяа нийслэлд/ орон сууц худалдан авах иргэд бүхэлдээ хамрагдахгүй.
Зөвхөн Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах тохиолдолд ипотекийн зээлийн хүү таван хувь байхаар тогтоосон. Дээрх бүсэд зээлээр байр авсан иргэдийн зээлийн хүүг бууруулж, таван хувьд шилжүүлэх юм байна. Гэхдээ дээрх бүсэд ипотекийн зээл авч, таван хувь шилжих иргэд ердөө 18 мянга орчим нь.
Эрх баригчдын зүгээс бусад байршилд байр авах болон 8 хувийн хүүтэй зээлээр байр авсан иргэдийн зээлийн хүүг бууруулах ажлыг дараагийн ээлжинд буюу үе шаттайгаар зохион байгуулна хэмээгээд байгаа юм. Гэхдээ энэ нь хэзээ биеллээ олох вэ гэдэг тун бүрхэг байгаа.
Банкуудын хувьд эхнээсээ ипотекийн зээлтэй иргэдийг таван хувь руу шүлжүүллээ хэмээн мэдээлээд байгаа. Тодруулбал Төрийн банк зарим зээлдэгчдийнхээ ипотекийн зээлийг шилжүүлсэн байна. Гэхдээ энэ нь мэдээж цөөн хэдэн хүнд л хамаарч буй. Бусад банкуудын хувьд ч ялгаагүй дээр дурдсан бүсчлэлд хамаарч байгаа цөөн иргэдийн зээлийг таван хувь руу шилжүүлэх боломжтой гэдэг хариултыг өглөө.
Ийнхүү эрх баригчид ядарсан иргэдээрээ сонгуулийн шоу хийж эхэллээ. Найман хувийн зээлээ таван хувь руу шилжүүлэх хүсэлтэй ч зааж өгсөн бүсчлэлд хамаараагүй иргэд гар, хөлийн үсгээ цуглуулан УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр бэлдэж суугаа сурагтай.
Эдийн засагчид анхнаасаа эсэргүүцэж байсан таван хувийн хүү өнөөдөр хэрэгжиж эхэлсэн ч нийт массыг баярлуулахаасаа илүү гонсойлгоод авлаа.
Ер нь эдийн засаг хүнд байгаа энэ үед ипотекийн зээлийн хүүг дахин бууруулах нь ядарсан эдийн засгийг хэт ачааллуулж, улам хүндрэх нөхцөлийг бий болгоно хэмээн эдийн засагчид дуу нэгтэйгээр эсэргүүцэж байсан билээ. Эрх баригчдын зүгээс үе шаттайгаар уг ажлыг хэрэгжүүлж, зохион байгуулах юм бол эдийн засагт ирэх дарамт байхгүй хэмээн мэдэгдэж байсан. Харин иргэдийн зүгээс бага хүүтэй зээл хэрэгжвэл орон сууцны үнэ буурна гэх эерэг хүлээлттэй байсан юм.
Гэвч ипотекийн зээл хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн энэ бүх хүлээлт талаар боллоо.
Б.Сансар
эх сурвалж: everyday.mn