Холливудын алдарт жүжигчин, Оскарын ялагч Леонардо Ди Каприогийн Чингис хааны баатрын дүр бүхий хөшөөг урласан байна. Энэхүү хөшөө нь Цонжинболдогт байрлах Чингис хааны 10 мянган цэргийн нэг болон “Түмэн хишигтэн” цогцолборт тавигдах юм байна.
Энэ талаар алдарт жүжигчний менежерүүд албан ёсоор мэдэгдэн түүний хөшөөний зургийг нийтэд дэлгэлээ.
Түмэн Хишигтэн төсөл нь Чингис хааны аугаа их түүхэн гавьяаг бодит бүтээн байгуулалтаар илэрхийлэхээр 10 мянган морьт баатрын цогцолбор байгууламжийг бүтээн байгуулж байгаа юм. Энэхүү морьт баатрууд нь монголчуудын түүх, өв уламжлалыг харуулсан үзмэр төдийгүй үзүүлэнгийн байгууламжууд, мэдээлэл түгээх төв, жуулчид хүлээж авах иж бүрэн зочид буудал, кино театр, зоогийн газар, амралт алжаал тайлах төв, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, алсыг харах цамхаг зэрэг аялал жуулчлалын дэд цогцолбор бий болох юм.
Дашрамд дурдахад уг бэлэг дурсгалын загварт эрхэмлэж явдаг хүнийхээ дүрийг буулгах боломж хэн бүхэнд нээлттэй юм.
Сонирхуулахад, энэ зун Лонардо Ди Каприо нэрт аялагч Йохан Эрнст Нильсоны удирдах аялалд оролцож Монголд 10 хоног аялах тасалбарыг өнгөрсөн нэгдүгээр сард 95 мянган ам.доллараар худалдан авсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрээр Шведийн судлаач, аялагч Нильсоны аяллаар холын Монголд ирж Хөвсгөл далайгаар аялахдаа Монголын хүнд нөхцөлд өөрийн хувийн тогоочоо, бас хэд хэдэн зааварлагчаа дагуулж ирнэ хэмээн гаднын хэвлэлийнхэн бичсэн.
эх сурвалж: eagle.mn