Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын III ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу Шийдвэртэй дэмжлэгт ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа билээ.
НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх сурган дадлагажуулах дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 136000 гаруй цэргийн алба хаагчид одоогоор үүрэг гүйцэтгэж байна. Тэгвэл манай энхийг сахиулагч залуус “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд эх орон, зэвсэгт хүчнээ сурталчилсан хэд, хэдэн арга хэмжээг зохион байгуулжээ. Үүний нэг нь дэлхийн 21 орны цэргүүдэд гардан тулааны үзүүлэх тоглолтоо сонирхуулж, үндэсний бөхөө барилдаж, нум сумаа харван үндэсний хэмээх тодотголтой соёл урлаг бүхнээ сурталчилан олныг “гайхшируулжээ”.
Тус ажиллагааны газар үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн бүрэлдэхүүний 85 хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай бөгөөд цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам