Энэ сарын 12-ноос 20-ны өдрүүдэд Австралийн нийслэл хотод агаарын бөмбөлгийн 30 дахь удаагийн наадам зохион байгуулагдлаа. Наадмын хүрээнд 40 гаруй агаарын бөмбөлөг тэнгэрт хөөрчээ. Жил бүр зохион байгуулдаг уламжлалтай Камберрагийн агаарын бөмбөлгийн наадам энэ онд тогтсон заншлынхаа дагуу 9 хоног үргэлжилжээ. Хамрах цар хүрээгээрээ олон улсын тавцанд дээгүүр байрт бичигддэг тус наадамд оролцогчид өглөө бүр 6 цаг 15 минутаас агаарын бөмбөлгөө гарган, тэнгэрт хөөргөх бэлтгэлээ эхэлдэг байна.
Наадмын гол чимэг бол агаарын бөмбөлөгнүүдийн өвөрмөц өнгө, загвар байдаг. Харин Канберрагийн энэ оны наадамд сонирхогчдын харааг хамгийн их булаасан агаарын бөмбөлгөөр Дисней компанийн бүтээл “UP” хүүхэлдэйн киноноос санаа авч, урласан агаарын бөмбөг тодорсон байна. Тус агаарын бөмбөлгийг солонгын 7 өнгөтэй 600 орчим бөмбөлгийг агаарын бөмбөлгийн гадна хэсэгт зүйж, бүтээжээ. Үүнээс гадна хүүхэлдэйн киноны бас нэгэн гол дүр болох шар шувууны аварга дүрс бүхий агаарын бөмбөлөг энэ удаагийн наадамд оролцсон байна.
Агаарын бөмбөлөг хөөргөнө гэдэг харагдаж байгаагаасаа ээдрээтэй ажил гэдгийг Канберрагийн наадамд оролцогчид хэлж байна. Агаарын бөмбөлөгт сууж яваа багийнхан аюулгүй байдлын үүднээс орон нутгийн холбогдох албаныханд өөрсдийн байршил, чиглэлээ байнга мэдээлдэг байна. Үүнээс гадна агаарын бөмбөлгийг зөвхөн дээш доош чиглүүлэх боломж бий. Харин агаарын бөмбөлөг аль зүгт явахыг салхины чиг шийддэг учраас бөмбөлөгт сууж яваа хүмүүс хаана газардахаа урьдчилан таамаглах боломж хомс байдаг юм. Иймээс багийн үлдсэн гишүүд агаарын бөмбөлгийг хөөрсөн цэгээс нь авхуулан дагаж, буух үед нь туслалцаа үзүүлдэг байна.
Эх сурвалж: mnb.mn