Засгийн газрын “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр гуравдугаар сарын 15-наас хойш малчдад 10 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Энэ өдрөөс хойш Төрийн банкинд 1416 малчин 4 тэрбум 282.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.
Үүнээс энэ сарын 23-ны өдрийн эцсийн байдлаар 647 малчинд 1 тэрбум 936.3 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.
Өнгөрөгч оны мал аж ахуйн тооллогын урьдчилсан мэдээгээр 153.1 мянган малчин өрх 55.9 сая малтай гэсэн дүн гарсан. Малын тоо өссөн ч түүхий эд, бүтээгдэхүүний үнэ бууралттай байгаагаас малчдын орлогод нөлөөлөл бага байдаг гэдгийг судлаачид хэлж байна.
Энэ ч утгаараа Монголбанкны мэдээгээр 120 гаруй мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 230 тэрбум төгрөгийн зээлтэй байсан юм. Харин Засгийн газраас ингэж малчны зээлийн хүүг шат дараатай бууруулснаар малчдын амьжиргаанд нөлөөлнө гэж үзэж байгаа юм.
эх сурвалж:mnb.mn