Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалдаг АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн ээлжит хуралдаан гуравдугаар сарын 23-нд Төрийн ордонд боллоо.
Хуралдааны эхэнд ирэх зургаадугаар сард Улаанбаатарт болох “Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт”-ын хөтөлбөр, бэлтгэл ажлын явцтай танилцлаа. “Дэлхийн хүн ам аюулгүй хүнсээр хангагдаж чадаж байна уу” сэдэвт уг сургалт-уулзалтаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх аж.
Мөн Үндэсний Зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АСЕМ-ын зочдод үйлчлэх хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх түнш байгууллагуудын жагсаалттай танилцлаа. ХХААЯ, МХЕГ-аас хоол, хүнсний түнш байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнд хүнсний аюулгүй байдлын шалгалт хийсэн бөгөөд АСЕМ-ын түнш бүтээгдэхүүн болохыг баталгаажуулсан чанарын таних тэмдэг, наалт хэрэглэхийг Ерөнхий сайд санал болгов.
Уулзалтад оролцох дээд хэмжээний зочдыг байрлуулах “АСЕМ вилла” цогцолборын барилга, дотоод тохижилтын ажил ерөнхийдөө дууссан бөгөөд гаднах тохижилт, ногоон байгууламжийн ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцлээ.
Түүнчлэн дээд түвшний уулзалтын зохион байгуулалтын ажилд оюутан залуусыг оролцуулах талаар их дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, зөвшилцөхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст даалгав. НҮБ-ын сайн дурын хөтөлбөрөөс сайн дурын ажилтны ёс зүй, аюулгүй байдал, мөрдвөл зохих стандартын сургалт явуулах бөгөөд таних тэмдэг бүхий хувцсаар хангах юм.
Эх сурвалж: ЗГ хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба