Бямба гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав.
Үдээс өм-нөх хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, автомашины татвар, бууны татвар, малын хөлийн татварыг багтаасан байгаа юм. Тодруулбал, автомашинд цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж татвар ногдуулна. Ингэхдээ “Prius”-ийнхийг гурав дахин өсгөхөөр тусгажээ УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ татварын талаар тайлбарлахдаа “prius” машин унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол дээрх хуулийн хүрээнд 108 мянган төгрөгийн татвар төлөх болж байгаа гэсэн юм. Гэтэл ийм автомашин орлого багатай иргэдийн амьжиргаагаа залгуулдаг тээврийн гол хэрэгсэл болсныг дарга, сайд төдийлөн мэддэггүй бололтой ийнхүү татварыг нэмэхээр ярилцаж эхэллээ.
Мөн хуулийн хүрээнд гурав дахь орон сууцнаас татвар авахаар болж байна. Тодруулбал, тухайн иргэн өөрийн нэр дээр олон орон сууцтай, түүнийгээ түрээсэлж ашиг олдог бол Хөрөнгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтаар орон сууцны татвар төлөх гэнэ. Мөн бас нэг татварыг нэмэхээр болоод байгаа нь галт зэвсгийнх. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар буу эзэмшигч нь жилдээ 4000-5000 төгрөгийг татварт төлдөг байна. Хөрөнгийн албан татварын тухай хуулийн хүрээнд бууны маркаас хамаарч 50.000-100.000 хүртэл татвар төлөх юм. Харин малын хөлийн татварын хэмжээг орон нутаг тогтоохоор уг хуульд тусгажээ. Энэхүү татвар нь хонины толгойд шилжүүлсэнтэй тэнцэнэ, татварын хэмжээ нь 1000 төгрөгөөс ихгүй байх аж. Түүнчлэн орон нутаг нь малын татварын хэмжээг тогтоох юм байна.
Мөн Сангийн сайдын тодорхойлсноор өрхийн нэг иргэнд 50 толгой шилжүүлэн чөлөөлөхөөр байгаа тул олон толгой малтай малчдад л татвар хамаарахаас цөөн тоотойд хамаарахгүй гэнэ.
Эх сурвалж: info.mn