Тэр МАХН-д элсээд удаагүй. Түүнийг МАН-ыг орхиод Н.Энхбаярыг сонгосон шалтгаан нь тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга болж сонгуульд удирдан орох, улмаар гишүүний суудалд суух ерөнхий төлөвлөгөөтэй байсан гэх. Үүнийг өөрөө хэлээгүй ч, намынх нь зарим нөхөд, улс төр судлаач, сонирхогчид хэлж байгаа. Энэ удаа түүний зорилго биелэв. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд тэр очив. Ерөнхий нарийн бичгийн дарга учир намын жагсаалтад хоёроор бичигдэнэ. Хэрэв жагсаалтад орохгүй гэвэл өөрийн хүссэн тойрогтоо нэр дэвших боломжтой болж байгаа юм.
МАХН-ын Бага чуулган болж өнгөрсөн. Энэ үеэр Н.Энхбаяр эргэн тойрныхоо хүмүүсийг шинэчилж, сонгуульд орох бэлтгэлээ базааж эхэлснээ харуулав. МАН-ыг орхиж, Н.Энхбаярыг түшигсэд олон. Ж.Сүхбаатарын хувьд ч мөн адил. МАН түүнийг өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр тоолгүй орхисон. Дархан-Уул аймагт Д.Хаянхярваагийн хамт нэр дэвшсэн ч, амжилт олоогүй. Намынх нь дэмжлэг байгаагүй учир тэрбээр МАХН-д илүү албан тушаалд очих нь өөрт нь боломж олгох юм байна гэж харсан биз. Энэ нь ч биелэлээ олж байна. Н.Энхбаярын итгэлт хүн болсон Ж.Сүхбаатар шаггүй хуульч улстөрч. Тэрбээр 2008-2012 оны парламентад УИХ-ын гишүүний албыг хашсан. Энэ хугацаандаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан. Хий хоосон улстөржилт түүнд бараг үгүй. Магадгүй ийм болоод МАН-аас нүүр буруулсан байж ч болох.
Түүний хувьд ийнхүү Н.Энхбаярыг түшсэн нь том зорилгод хүрэхэд нь хамгийн том дэмжлэг юм. Энэ бүгдийг тооцоолсон учир тэрбээр Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд очиж чадлаа. Өөрөөр хэлбэл, тэр МАХН-ыг ирэх сонгуульд удирдаж, “гал тогоо” барих нь. Иймээс л түүний зорилго биелэлээ олов.