Цөмийн аюулгүй ажиллгааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон.
Тэгвэл үүнийг эсэргүүцэж зарим иргэний хөдөлгөөний байгууллагын төлөөлөл өнөөдөр төрийн ордны баруун жигүүрт жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеээр шар нунтаг зүйл цацсан гэх үйл явдал болсон бөгөөд үүнийг цагдаагийн байгууллагаас “уран байж болзошгүй” гэж үзэн тухайн бүсийг хамгаалалтад авч, жагсаж байсан иргэдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр саатуулж байна.
Тухайн асуудалтай холбогдуулан саатуулагдаад байгаа “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн тэргүүн Ж.Ганбаатараас тодруулахад “Тухайн нунтаг нь барилгын оохор байсан. Үүнийг цацаагүй, санамсаргүй байдлаар цоорч асгарсан. Харин бид энэ шар нунтгаа гаргавал эргээд конвенцийн дагуу цөмийн шаар, хог хаягдал орж ирэх магадлал үүсэж байгаа шүү гэсэн танин мэдэхүйн мессежийг УИХ-ын гишүүдэд хүргэх зорилготой оохорыг уутанд хийсэн байсан, энэ нь зөвхөн үзүүлэн таниулах материал” гэв. Цааш нь иргэний үзэл бодлоо илэрхийлж байхад шууд ял оноох гэж байна. Учир нь шар нунтагтай холбогдуулан тодруулга авъя гэж дуудаад үдээс хойш шүүх хурал хийхээр боллоо. Үзэл бодлоо Төрийн ордны дэргэд очиж илэрхийлсний төлөө төрийн механизм ажиллаж байна гэсэн юм.
Д.Үржинбадам
Эх сурвалж: www.TODAY.mn