Тавиас дээш настай хүмүүсийн хувьд сэтгэлгээгээ уян хатан байлгаж, аливаад үзүүлэх хариу үйлдлийг хурдан гүйцэтгэдэг бас амьдралын баяр баясгаланг мэдрэхийн тулд компьютер тоглоом тоглох хэрэгтэй. Ийм зөвлөгөөг Америкийн “Union College” дээд сургуулийн эрдэмтэд өгч байгаа тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ.
Эрдэмтэд судалгааныхаа явцад видео тоглоом тоглох нь хүний тархины үйл ажиллагааг дэмжиж, маш эергээр нөлөөлдөг болохыг тогтоосон байна.
“Орчин үеийн гурван хэмжээст тоглоомууд нь хурдан шийдвэр гаргах гэх мэт маш анхааралтай байхыг шаарддаг учраас тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг” гэж эрдэмтдийн багийн ахлагч Кай Андерсон-Хенли ярьжээ.
Бас хамгийн санаанд оромгүй зүйлүүд тохиолдож болох виртуаль орчинд тоглодог тоглоомууд нь хүний оюун ухаанд эергээр нөлөөлдөг гэнэ. Эрдэмтэд компьютер тоглоомтой холбоотой бас нэгэн санаанд оромгүй нээлт хийжээ. Ийм төрлийн тоглоомууд нь тоглож байгаа хүнийхээ биеийн галбирт нөлөөлдөг гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, тоглож байх үед хүний булчин шөрмөс биеийн тамирын дасгал хийх үед өгдөгтэй адил ачааллыг бие махбодод өгдөг байна.