Монгол Улс радарын тоног төхөөрөмжийг ашиглан нислэгийн хөдөлгөөн удирдлагыг явуулж эхэлснээр агаарын зайд нислэг үйлдэж буй хөлгүүдийн хоорондын зайчлал 150 км байсныг шат даратай бууруулж 30 км-ийн зайчлалд шилжүүлсэн. Харин одооноос радарын систем нь ADC-D системийг хамт ашигласнаар ажиглалтын удирдлагын зайчлал буурч, дэлхийн жишигт хүрлээ гэж Иргэний нисэхийн ерөнхий газрынхан тайлбарлаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр тус газарт ажиллаж, ажиглалтын шинэ системтэй танилцахдаа “Цаасан дээр тоо бодоод нислэгээ удирддаг байсан манай технологи дэлгэц дээр онгоцоо харж нислэгээ удирддаг орчин үеийн, олон улсын стандартад хүрлээ. Технологийн энэ дэвшлийг тооны машин хэрэглэж байгаад компьютер ашигладаг болсонтой зүйрлэж болно” гэж хэллээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг радио локатор болон сансрын хиймэл дагуулаар бүрэн хянаж, техник технологийн хувьд найдвартай ажиллагаагаа хангалаа. Ийм ч учраас манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч байгаа гадаадын нислэгийн тоо, чиглэл, навигацын орлого нэмэгдэхээр харагдаж байна гэлээ.
Монгол Улс газар зүйн хувьд агаарын тээврийн төв буюу хааб болох боломжтой. Мөн гадаад улс орны авиа компанийн онгоц манайд ирж засвар үйлчилгээ хийлгэдэг өөрөөр хэлбэл, ийм үйлчилгээ явуулж чадвал агаарын тээврийн салбарын орлого нэмэгдэж, эдийн засгаа солонгоруулах, эдийн засгийн шинэ салбар бүтээх нэг боломж юм. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын дэргэд засвар үйлчилгээний ангар барих, техник үйлчилгээний хааб байгуулахаар Засгийн газар шийдвэр гаргасан гэдгийг энэ үеэр Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Агаарын тээврийн салбарынхан дотоод нөөц бололцоогоо дайчлан техник технологийн шинэчлэлийг сайн хийж байна. Энэ салбар нэг үеэ бодвол хөлөө оллоо. Засгийн газраас радио локатор тавьж өгөх асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн юм.
Нислэгийн ажиглалтын шинэ систем нэвтэрснээр Монгол Улсын агаарын зайд хөлгүүд ашигтай цаг, ашигтай өндрөөр нислэг үйлдэх боломжтой болж байна. Ажиглалтын системийг шинэ шатанд хөгжүүлснээр 2015 онд манай улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоо 4,3 хувиар нэмэгджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.