“Зи” даргын Эрдэнэт дэх “айлчлал” “4-р сарын 1”-нд Эрдэнэт хотод таарав. Зол уу, эз үү, зорилготой юу, санаандгүй юу бүү мэд. Маниусыгаа “молиго” үмхүүлэх гэж, “мад” “дуг” болбол буцаад “дөрвөн сарын нэгээн” гэх гэж энэ өдрийг сонгож, эртнээс онилоод буучихав уу яачихав.
Аймгуудаар тойроод байгаа дуулдсан, амьтан айлгаж, хөгшид цочоож, хүүхэд уйлуулж яваа чимээ гараад удсан, ингээд хөөрхий Эрдэнэтчүүдийн ээлж ирдэг юм байжээ. “Тансаг сайхан” амьдарч буйгаа, “таатай сайхан” жаргаж байгаагаа Зи даргаараа загнуулж ойлгодог үгүй мөн азтай, “үйлтэй” улс аа бид. Өнгөтэй тарган дарга маань үнэхээр гоё машинаасаа буухаар үнэндээ хавар ирж, цас хайлах шиг, өвөл давагдаж өнө ирэх шиг үнэн гоё болж байна таминь.
Үзүүлэн болохоор амьдралтай, өнгө болохоор нүүртэй ийм хэдэн дарга байхад энгийн иргэдээр нээрээ тэр “АСЕМ” ч яах юм билээ. Бүгдийг нь хотоос хөөж гаргаад төрийн гурван “өндөрлөг”-өө, түүнээ дагасан хэдээ гадныхны өмнө “зоочихвол”… Монголын нүүр тахлагдаж, морьтны заяа дархлагдах юм биз ээ… Ингэхэд бас эрхэм дарга маань их “гого” болчихоороо “борлочих гээд” борчуудын нүүр хардаггүй, ухаан нь ихдэж, уураг тархи нь хөгжчихөөрөө “уруудчих гээд” уриа лоозон, шүүмж санамж хүлээж авдаггүй бололтой юм.
Уулүалт болох газрын төв хаалган дээр цугласан иргэдээс “зугтаж”, “Уурхайчин”-д “нэвтрэх”-дээ хүртэл “арын хаалга ашиглаж аальгүйтэв”. Үгүй бүр элдвийг ярьж магадгүй гээд “нам бус” эмээ өвөө, “нарийн мэдлэг”-тэй эгэл иргэдийг хүртэл цагдаагаар ялгуулж, цаанаа “учир жанцан”-тай уулзалтад оруулж “ичингүйрэв”. “-Төрийн “өндөрлөг” ирээ юу, төрөөд удаагүй хүүхэн айлчлаа юу” гэж ялгагдаж хоцорсон, яггүй егзөр хөгшид үг дайж, үзүүр гаргаж байна лээ. Аальгүй хүүхэн “болзох” гэж ирсэн биш, амьтан хүнээс “горьдчихно” гэж эмээсэн бус ард түмнээ алаглаж ялгаад, амарчилж “уулзаад” үр дүн гарна гэж санаж яваа бол… Ёстой талий цаашаа.
Долдой нараараа “долоолгож”, долоон уулын дээгүүр мандаж байгаад буцахын төлөө амьтны ажил үрж, улсын төсөв сүйтгэж маяглаж явсан дормоо төрийн ордондоо түмнээ “молигдсон” шигээ, ирсэн уулзсан хүмүүсээсээ амьдралын сайхныг мэдэрсэн шиг суувал… Ядаж арай гай нь бага юм даа… Тиймээ…