Цагдаагийн албан хаагчид амралтын газар нэгийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн онд гарсан. Тодруулбал 2015 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаа дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очихдоо нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд байсан талаар бид мэдээлсэн билээ. Шүүх хурал гурван удаа хойшилж өнгөрсөн сарын 31-ны өдөр боллоо. Уг хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх хуралдаан болсон.
Шүүх хуралдааны даргалагч шүүгчээр Н.Одонтуул, шүүгчээр Д.Бавуу, Д.Чинзориг, улсын яллагчаар Г.Энхтүвшин, Б.Тогтох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр Д.Данзандорж, Н.Цэцэгмаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Э.Ганбат, Т.Отгонбаатар, П.Еркебулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр О.Должин, шинжээч эмчээр С.Одончимэг, гэрч Л.Энхтуяа, Ж.Бат-Эрдэнэ, П.Очбадрах, Д.Мөнхбаясгалан, Б.Ган-Эрдэнэ, Р.Батсуурь, Б.Ариунаа нар оролцсон байна. Улмаар яллагдагчаар татагдаад байсан Б.Өлзийбуянг гэм буруутай гэж шүүхээс үзэн Эрүүгийн хуулийн 91-р зүйл, хүнийг санаатайгаар хороосон нь тогтоогдож байгаа тул 15 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр боллоо.
Талийгаач эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, мэргэжлийн дадлага туршлагатай нэгэн байжээ. 23 жил цагдаагийн байгууллагад ажилласан, тулааны урлагаар амжилт гаргасан нэгэн байсан аж.
Эх сурвалж: :Dorgio.mn