Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүллээ.
Тодруулбал тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард анхан болон давж заалдах шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсч, улмаар арванхоёрдугаар сард Улсын Дээд шүүхээс хорих ялыг 2.6 жил болгосон билээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг танилцуулахаар ШШГЕГ-аас ирсэн төлөөлөгчид Н.Энхбаярын шоронжсон өрөөнд орж ирж уучлал үзүүлсэн зарлигийг танилцуулсан юм.
Уг зарлигт, “Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Н.Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Ийнхүү сүүлийн үед биеийн байдал нь муудсан хэмээн хэвлэлээр цацагдаад байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн зарлигаар ялаас чөлөөлөгдсөнд олон хүн Ц.Элбэгдоржийг зөв шийдвэр гаргалаа хэмээн өөр хоорондоо ярьж байсан .
Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлж, ялаас чөлөөлөх тухай зарлиг гаргасны дараа Н.Энхбаярын гэргий О.Цолмон, хүү Э.Батшугар болон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар Клиникийн II нэгдсэн эмнэлэгт хүрэлцэн ирж, Н.Энхбаяртай уулзсан юм. Мөн МАХН-ын гишүүд дэмжигчид эмнэлгийн байрны гадаа цуглаад байлаа.
Намын гишүүд дэмжигчид нь ирсний дараа Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх шийдвэр гарсны дараа түүнийг энгийн тасаг руу шилжүүлсэн. Түүний гэр бүлийн хүн одоогоор “Н.Энхбаяр эмнэлгээс гарах ямар ч боломж байхгүй. Учир нь түүний биеийн байдал маш хүнд байгаа талаар хэвлэлээр гарч байна.
Тиймээс одоо энэ цаг мөчөөс эхлэн түүнийг нэн яаралтай шижилгээнд хамруулж биеийг нь тэнхрүүлэх шаардлагатай байна. Тиймээс эмчилгээ хийх тул эндээ үргэлжлүүлэн хэвтэнэ гэж ойлгож болно” гэсэн юм. Харин эмч нарын хэлж буйгаар Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа учраас түүний биеийн байдлыг нь ажиглаж байгаад эмнэлгээс гаргах эсэхийг нь шийднэ гэсэн билээ.
Н.Удвал: Уучлал үзүүлснийг сонсоод шууд ирлээ
Ерөнхийлөгч зарлиг гарган уучлал үзүүлснийг сонсоод шууд наашаа ирлээ. Ямар ч байсан шоронгоос гарч эмнэлэгт шилжлээ. Ингэснээр энгийн иргэний адил хаана ч эмчлүүлэх боломжтой болж байна. Энэ хүний амь насыг аврах боломж бүрдэж байгаад л туйлын баяртай байна. Гэнэтийн ийм шийдвэр гарсан нь олон нийтэд улс төрийн тохироо байсан байна гэх хардлага төрүүлээд байх шиг байна. Энэ шийдвэрт улс төрийн ямар нэгэн тохироо огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Угаасаа энэ хүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллах асуудал Ерөнийлөгчийн сонгуулиас өмнө яригдаж байсан. Тэгэх үндэслэл ч байсан. Одоо цаашдаа гадаадад явж эмчлүүлэх асуудал яригдаж эхлэх байх. Гэхдээ бид Н.Энхбаяр даргыг эмнэлгээс гаргаж гэр рүү нь авч явах болно гэлээ.
О.Баасанхүү: Бид хэзээ ч уучлал гуйж царай алдахгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс даргынх нь ялаас чөлөөлсөн эсэхийг асуухад “Өнөөдөр Ерөнхийлөгчийн зүгээс намын даргад уучлал үзүүллээ. Гэхдээ энэ бол баярламаар юм шиг боловч нөгөө талаасаа гунигтай гэж хэлж болно. Учир нь Шүүх шинжилгээний үндэсний төвөөс 20 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй багаас гарсан дүгнэлтэд хоёрдмол утгатай хариу өгсөн. Энэ хариунаас болж прокурорын байгууллага эмч нарын дүгнэлтийг хүлээж аваагүй. Одоогоор прокурорын байгууллагаас 12 эмчээс мэдүүлэг аваад байгаа. Үлдсэн найман эмчээс нь ирэх долоо хоногт мэдээлэл авна. Энэ хооронд хүний амь нас эрүүл мэнд яригдаж байна.
Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс эрүүл мэндийг нь бодоод уучлал үзүүлсэн байх гэж бодож байна. Бид хэзээ ч уучлал гуйж царай алдахгүй гэсэн байр суурьтай байгаа” гэв.
З.Баянсэлэнгэ: Даргыг чөлөөлж байгаа нь явдал ямар нэгэн намын тохироо байхгүй
“Даргыг чөлөөлсөн явдалд ямар нэгэн намуудын хэлцэл байхгүй. Хэрэв тийм байсан бол би Н.Энхбаяр даргыг суллагдах гэж байгаа тухай мэдэх байсан. Манай намынхан энэ шийдвэрт нэг талаас баярлаж байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Энхбаяр гэдэг хүний биеийн байдлыг нь төр хариуцахгүй, ийм хүнд байдалтай болсных нь дараа зөвхөн өөрт нь хариуцуулж үлдээлээ” гэв.
Н.Энхбаярыг сулласны дараа Клиникийн II эмнэлгийн гадна олон иргэн Ерөнхийлөгчид баярлаж байгаагаа илэрхийлж байв.
Ингээд иргэн Д.Батмөнх хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэнэт Н.Энхбаяр гэдэг хүнд өршөөл үзүүлсэнд монголчууд бид маш их баярлаж байна. Бид гэртээ сууж зурагт үзэж байгаад энэ тухай мэдээллийг сонсоод Ерөнхийлөгчөө мундаг алсын хараатай хүн байна гэж бодсон шүү.
Аргагүй л Ерөнхийлөгчийн зангараг гаргаж ард түмэндээ өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж чадлаа шүү дээ. Тэгээд ч Н.Энхбаярыг эртнээс суллах бодол Ерөнхийлөгчид байсан байх. Дан ганцаараа ийм шийдвэр гаргаж чадахгүй байсан учраас сая сонгогдохдоо уг зарлигийг яаралтай гаргасан нь тун сайшаалтай. Эцэст нь Ерөнхийлөгчдөө баярлалаа гэж хэлье дээ” гэлээ.
Мөн МАХН-ын гишүүд дэмжигчид ч Ц.Элбэгдоржид талархаж байгаагаа илэрхийлж байсан.
Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлж чадсанд олон мянган иргэд баярласнаа илэрхийлэн биднээр дайж байсан юм.
Р.Саруул, Х.Нарангэрэл
Эх сурвалж: Өглөөний сонин