Сэрэмжлүүлэг: НМХГ-ын нэрийг барьж залилан хийсэн явдал дахин давтагдлаа

НМХГ-ын нэрийг хууль бусаар ашиглан өөрийгөө мэргэжлийн хяналтын байцаагч хэмээж иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас мөнгө шилжүүлэн авсан тохиолдол урд нь удаа дараа гарч, шүүх цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгч байсан билээ. Тэгвэл 2016 оны 3 дугаар сар гарсаар урьдын явдлуудтай төстэй аргаар иргэд аж ахуй нэгж байгууллагыг хохироосон явдлууд гарсан байна. 
1459751318_btsgch
1. Баянгол дүүргийн 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 113-р байранд байрлах Долмалин ХХК-ийн эмнэлэгийн утас, захирлын гар утас руу 2016-03-25-ны өдрийн 08,30 минутаас эхлэн НМХГ-ын байцаагч гэж өөрийгөө танилцуулсан этгээд утасдаж, Мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгал, Татварын Ерөнхий газар хамтран хяналт шалгалт хийгээд явж байна. Танайх тусгай зөвшөөрөлгүй яагаад ажиллаж байгаа юм бэ? Рентгений тусгай зөвшөөрөл чинь надад ирсэн байна. Танайх 3 хүний хоолны мөнгө болох 100000 төгрөг шилжүүлчих, тэгээд танай эмнэлэгт очихгүйгээр дүгнэлт гаргая гэж 100000 төгрөг, удалгүй галын дүгнэлтийн 10000, халдвар хамгааллын 10000, рентгений тусгай зөвшөөрлийн 23500 төгрөг шилжүүлэн авсан байна. Мөн 20 орчим минутын дараа дахин залгаж, танай байгууллага ХХОАТ-д өртэй юм байна.Татварын өртэй компаний нэрийн дунд танай нэр байгаад байдаг, торгуульд оруулахгүй байя гэвэл 100000 төгрөг шилжүүл гэж нийт 243,500 төгрөгийг иргэн Х.овогтой Б-ийн Төрийн банкны …………. данс руу шилжүүлэн авчээ.
2. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Бумба лива ХХК-ийн RICH MINI MARKET-аас 2016-03-25-ны орой орой 21.10 минутын үед өөрийгөө НМХГ-ын байцаагч Э гэж үнэмлэх харуулаад танай давхарт үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газарт өдөр хоол идсэн хүүхэд хордож, “инсолет” гэдэг бодис илэрлээ. Манай дарга Насанбаяр чиний хариуцдаг газар байна. Хурдан очиж учрыг нь ол гээд надруу ярьсан. Би эмнэлэгт хэвтэж байна. Эм тариагаа орхиод ирлээ. Одоо удахгүй танайд шалгалт ирнэ. Танай дэлгүүр, караоке хоолны газрыг хаах болоод байна. Би энэ чиглэлийг хариуцдаг байцаагчийн хувьд та нарт туслаад, даргатайгаа уулзаад эхний ээлжинд илэрсэн инсолет бодисын хэмжээг багасгуулаад 72 цагийн дотор мэдээлэх мэдээг явуулахгүй аргалаад өнгөрөөе. Тийм болохоор хохирогчийг зохицуулах хэрэгтэй байна гэж 100000 төгрөг аваад явсан байна.
Дээрх хэргүүдийн талаар НМХГ-аас Баянгол, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгалт хийлгэхээр ханджээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа заавал урьдчилан мэдэгддэг. Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль шийтгэврийг тавихдаа Төрийн банкны дансанд төвлөрүүлдэг. Мэргэжлийн хяналтын нэг ч байцаагч гар дээрээ бэлэн мөнгөөр торгууль шийтгэврээ авдаггүй. Харин мөнгө тушаасан баримтыг нь тухайн албан байгууллагаас аваад шийтгэвэрээ бичээд 1 хувийг тухайн аж ахуй нэгжид хүлээлгэж өгдөг байна. Иймд шалгалт хийгдээгүй, тухайн байгууллагад мэдэгдээгүй байхад шалгалт хийдэг, мөнгө төгрөг нэхдэг асуудал огт байхгүй юм.
Иймээс мэргэжлийн хяналтын нэрийг барьж мөнгө нэхэж байгаа асуудлууд удаа дараа гарч байгаа тул аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хэрвээ ямар нэгэн хүн мэргэжлийн хяналтаас явж байна, ярьж байна гээд мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл үйл явдлыг баталгаажуулах, дүүргийнхээ мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох байцаагчдаа хандах буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай хандаарай.
НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …