-Нийслэлийн засаг дарга энэ сарын 24-нд алслагдсан дүүргийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчсон зардлыг нөхөн олгох тухай захирамж гаргасан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтэрсэнтэй холбогдуулан есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих ёстой. Гэвч Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд тодорхой шалтгааны улмаас журам бүрэн хэрэгжээгүй юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга журмын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай A/240 дүгээр захирамж гаргасан. Захирамжийн дагуу манай байгууллага алслагдсан гурван дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр 2016 оны нэгдүгээр улиралд үнэ төлбөргүй зорчсон зардлыг нөхөн олгохоор болсон.
-Нөхөн олговорын мөнгийг ямар журмаар олгох вэ?
-Эхлээд дээрх гурван дүүргийн Засаг даргын Тамгын газар, тээвэр зохицуулалтын албадын гаргасан гүйцэтгэл, тайлангаа манайд өгөх ёстой. Тайлангийн мэдээллийг харж байж сар бүр нөхөн олговрын мөнгийг олгоно. Ер нь нийслэлийн хэмжээнд 110 мянган ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа автобус компаниуд гүйцэтгэлээ гаргадаг зарчмаар тооцож нөхөн олгоно.
-Хэзээнээс эхэлж олгох вэ?
-Олголт хийх захирамжийн дагуу явна. Дүүргүүдээс тайлан ирчихвэл манайхаас ямар ч асуудал байхгүй. Сар сард нь нөхөн олговрын мөнгийг өгнө. Энэ жил Налайх дүүрэгт 37 сая, Багануур дүүрэгт 76 сая, Багахангай дүүрэгт 23 сая төгрөг төсөвлөгдсөн.
-Мөн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих үнэмлэх олгоно гэсэн шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ талаар манайх хариуцахгүй. Тухайн хүмүүс өөрийн оршин суудаг дүүргийн нийгмийн халамжийн газраас очиж авах ёстой.
Эх сурвалж: www.mminfo.mn