МХЕГ, Дорнод аймгийн МХГ-тай хамтран цацрагийн хамгаалалт, хөдөлмөр, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхай, дэд бүтцийн хяналтын чиглэлээр Дорнод аймагт нэгдсэн хяналт шалгалтыг хийлээ. Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохоор ахлуулсан нэгдсэн шалгалтын ажлын хэсэгт нийт мэргэжлийн хяналтын байгууллагын 33 улсын /ахлах/ байцаагчид өнгөрөгч гуравдугаар сарын 23-31-ний өдрүүдэд Дорнод аймагт ажилласан юм.
Энэхүү нэгдсэн хяналт шалгалтад нийт 22 байгууллага, аж ахуйн нэгж, 303 обьект, цэг байгууламж, тээврийн хэрэгсэл, 298 ажилтан албан тушаалтан хамрагдав. Улсын байцаагчид хяналтаар илэрсэн нийт зөрчлийн 19 хувийг газар дээр нь арилгуулж, 311 албан тушаалтан, 75 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, салбарын сургалтыг гурван удаа зохион байгуулж ажилласан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын үр дүнд өнгөрсөн онуудад илэрч байсан зөрчлийн тоо болон эрсдлийн зэрэг буурсан, тодорхой хуулийн заалтууд хэрэгжсэн нааштай үзүүлэлтүүд гарчээ. Тухайлбал: “Шинь шинь” ХХК нь ундны усыг цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг шинээр суурилуулж, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний ногооны агуулах зоорьтой болсон байна. Түүнчлэн “Петрочайна дачин тамсаг” ХХК нь стандартын шаардлага хангасан шатахуун түгээх станцыг ашиглалтад хүлээлгэн өгсөн, цацрагийн үүсгүүрийн биет хамгаалалтыг сайжруулав. Мөн тус компанид ажиллагсдын урьд онуудад олгогдоогүй байсан ээлжийн амралтын олговор 524.4 сая төгрөгийг нөхөн олгож, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүйн ажлын байрны төлбөр болох 44.7 сая төгрөгийг ч барагдуулжээ.
Мөн “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК нь газрын тосны олборлолтын цооногуудыг нэгдсэн сүлжээнд холбон газрын тосноос ус, тос, хийг ялгах нэгдсэн байгууламж барьж ашиглаж байгаа нь цэвэр газрын тос экспортлох нөхцлийг бүрдүүлсэн байна. Газрын тосны XIX гэрээт талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 1,2-р хэсгийн 104 км замын барилга угсралтын ажлыг дуусгасан, 4-р хэсгийн 52 км замын барилга угсралтын ажлыг “Арж капитал” ХХК 2015 онд эхлүүлэн гүйцэтгэж байна. Дорнод аймгийн хэмжээнд малын халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг үр дүнтэй хийж, Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтад 1,050 сая толгой мал, Сэргэлэн, Матад, Баянтүмэн, Булган суманд гарсан гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 11 сумын 440,8 мянган толгой хонь, хургыг хамруулсан байна.
Гэсэн хэдий ч нэгдсэн хяналт шалгалтаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд дээр хаягдлын сан, цэвэрлэх байгууламж нь стандартын шаардлага хангахгүй, барилга угсралтын байдалд хөндлөнгийн хяналт хийгдээгүй, зөвшөөрөгдөөгүй зураг төслөөр ажил гүйцэтгэсэн, комисс хүлээж аваагүй барилга байгууламжийг ашигласан ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.Түүнчлэн үйлдвэрлэлийн технологийн горим, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, хяналт бүртгэлийн тогтолцоо алдагдсанаас осол аваар гарах болон хүрээлэн буй орчин бохирдол, доройтолд орох нөхцөл бүрдсэн байна.
Мөн гааль, эрүүл мэндийн байгууллагууд дээр рентген аппарат ажиллуулах эрхийн зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий дотоод хяналт тавих ажилтныг томилоогүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэмгүй, цацрагийн хамгаалалтын хөтөлбөргүй, ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөгүй, дотоод хяналтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу хийгээгүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн юм.
Нэгдсэн шалгалтын дүнгээр Дорнод аймагт Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт 67,5 хувьтай гарсан учир МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж, шалгалтаар илэрсэн зөрчлийг 2016 оны 5 сарын 15 хүртэл буюу 45 хоногийн хугацаанд арилгах үүрэг даалгаврыг өглөө.
эх сурвалж: mgl21.mn