Төрийн эрхийг тоглоомын аргаар авахаар аль эртнээс төлөвлөсөн сценари дэглэсэн ёсоор өрнөж явааг хэлсэн Н.Алтанхуягийн мэдэгдлийг “ардчиллын амьд жишээ” болгон дүйвүүлээд өнгөрчих вий гэсэн айдас төрж байгааг ч нуух юун
Ердөө хоёрхон сарын дараа төрийн эрх мэдэл хуулийн дагуу нэгнээс нөгөөд шилжих гэж байгаа ийм эгзэгтэй үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн амнаас унасан “тоглоомын зохиомол УИХ бүрдэх нөхцөл бүрдчихээд байна” гэсэн үг чухам юуг илэрхийлж байгаа юм бол?! Түүний хийсэн гэнэтийн гэмээр улс төрийн мэдэгдлээс хамгийн ихээр анхаарал татахуйц ньюанс нь энэ байсан ч олон нийт Ц.Элбэгдорж дээр л илүүтэй хараагаа төвлөрүүлэв. Тийм ч учраас УИХ-ын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч юу гэж хэлэх бол хэмээн хүлээж хоноод маргааш нь “хоосон” хоцорлоо.
Үнэндээ Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг намынхаа хуучин генсекийг хориход аваачсан бэлэгтэй угтаж, хөөрхий түүгээр авлигын эсрэг тэмцлийн бэлгэдэл болгон “туг тахисан” эрх баригчид Н.Алтанхуягийн мэдэгдлийг анд нөхрийнхөө өмнөөс Ц.Элбэгдоржид унагасан гомдлын нулимс төдий гэж эндүүрээгүй хэмээн найдая. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдэгдэл Л.Гансүхийг өмгөөлөх гэсэндээ түүний үүрсэн хэрэг зохиомол байсныг давтан хэлэх төдий жижиг зорилготой байгаагүй бололтой. “Зохиомол хэрэг”, шударга бусын “хонгил” зэрэг шинж тэмдгийн төдий зүйлсийг орхиод арай лавшруулан ажиглабал Н.Алтанхуягийн мэдэгдэл арай илүү ноцтой зүйлийг сануулах зорилготой гэмээр. Тэр нь дээр дурдсанчлан ТОГЛООМЫН УИХ бүрдэх урьдач нөхцөлийн тухай ганцхан өгүүлбэр. Ахиад илүүтэй лавшруулбал ажиглавал “үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой хамааралтай асуудлаар хаалттай чуулган хийж сайн ярилцаж шийдье гэж удаа дараа хүсэлт тавьсан” талаархи өгүүлбэр нүдэнд торж буй. Чухам юун тухай “хаалттай ярилцахыг хичээсэн” юм бол? Магадгүй ТОГЛООМЫН УИХ бүрдүүлэх тохиролцоо хаа нэгтэй аль хэдийнэ эхэлчихсэн талаар ярих гэсэн юм болов уу.
Хэрэв Н.Алтанхуягийн цухас дурдаад өнгөрсөнчлөн ЗОХИОМОЛ УИХ бүрдэх нөхцөл бүрдчихсэн юм бол үүнийг гүйцэлдүүлэх ганц боломж нь ердөө хоёрхон сарын дараа болох хууль ёсны сонгууль байж таарна. Нэг үгээр бол төр засгаа чөлөөт сонголтоороо байгуулах эрх чөлөөг нь иргэдээсээ “хууль ёсны” хэлбэрээр хулгайлан авах гэж байна гэсэн үг. Аюулын харанга дэлдэж мэдэхээр энэ үгийг үл анзааран ердөө Ц.Элбэгдоржийн эсрэг мэдүүлж буй гомдол, шүүмжлэл төдийгөөр харах юм бол үнэхээр ч “Ерөнхийлөгчийн тухай ярихаас хэн ч айх учиргүй ардчилсан орон” юм.
Төрийн эрхийг тоглоомын аргаар авахаар аль эртнээс төлөвлөсөн сценари дэглэсэн ёсоор өрнөж явааг хэлсэн Н.Алтанхуягийн мэдэгдлийг “ардчиллын амьд жишээ” болгон дүйвүүлээд өнгөрчих вий гэсэн айдас төрж байгааг ч нуух юун. Тэгвэл тэр “тоглоомын” дүрүүд нь хэн юм бэ, “дүрэм” юу юм бэ, толгойлогч нь хэн юм бэ? Асуулт үлдээсэн Н.Алтанхуягийн мэдэгдлийн араас “ардчиллын үлгэр жишээ” гэдэг цаасан малгай өмсгөх нь арай дэндүү гоёдож байгаа юм биш үү?!
эх сурвалж:zaluu.com