Сүүлийн хэдэн хоногт Улаанбаатар хотод бороо тасралтгүй үргэлжилсэний улмаас Туул голын усны түвшин хоногтоо 10-15 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд хүрчээ. Цаашид ч бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллэв. Мөн Орхон, Сэлэнгэ, Ерөө голын усны түвшин нэмэгджээ.
Энэ сарын 03-наас нутгийн зүүн хагаст, 4-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 5-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 6-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Үүнийг даган усны ай сав, голын усны түвшин нэмэгдэх ажээ.
Иймд дээр дурьдсан бүс нутгийн голын сав газрууд болон эрэг дагуу зусч буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэхийг нийт эцэг, эхчүүдэд цаг уурын байгууллагаас сануулж байна.
О.Наранцацрал
Ugluu.mn