Австралид сурч, ажиллаж, амьдарч байсан монголчуудын Монгол-Австралийн нийгэмлэг – Моззиc ТББ-ын гишүүдийн ээлжит хурал Гадаад хэргийн яамны хурлын танхимд өнгөрсөн долоо хоногт боллоо.
Бүх гишүүдийн хурлыг нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд удирдаж, Австрали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, ноён Жон Лангтри оролцож мэндчилгээ дэвшүүлж, хамтын ажиллагааны талаар саналаа илэрхийллээ. Элчин сайд Жон Лангтри Монгол-Австралийн нийгэмлэг нь хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглээд, нийгэмлэгийн гишүүдтэй нийгмийн эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Хурлаар өнгөрсөн жилд нийгэмлэгийн хийсэн ажил болон санхүүгийн тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөө, нийгэмлэгийн гишүүдтэй хамтарч ажиллах талаар санал солилцов.
Дашрамд сонирхуулахад Австрали Улсын иргэд өөрсдийгөө “Оззиc” гэдэг бол тус улсад сурч, ажиллаж, амьдарч байсан нийгэмлэгийн гишүүд-“Моззиc” нэрээрээ Австралийн Засгийн газрын албаны хүмүүст төдийгүй олон энгийн иргэдэд ч танил болсон байна. Монгол Австралийн нийгэмлэгийг анх Австрали Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад сурч, Монголдоо эргэж ирсэн цөөн хэдэн хүмүүс 1998 онд байгуулж, санхүүжилтийн хувьд зөвхөн гишүүнчлэлийн татвараар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өнөөдөр 240 гаруй моззисийг эгнээндээ нэгтгэж, Монгол, Австралийн харилцаанд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Австралийн Засгийн газраас гишүүдийн Австралийн их сургуульд суралцаж олсон мэдлэгээ мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцах, суралцсан болон ажиллаж байгаа мэргэжлийн дагуу чадавхиа дээшлүүлэх, эзэмшсэн мэргэжил, ажлын чиглэлийн дагуу орон нутагт зориулсан жижиг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. 2014 оноос эхлэн дээрх төсөл, хөтөлбөрт зориулж жил бүр 20 мянган Австрали долларын буцалтгүй тусламж олгож байна. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж ялангуяа, Моззис ТББ-ын гишүүд-төгсөгчдийн мэргэшил, чадварыг дээшлүүлэхэд ихээхэн тус нэмэр болж байна.
Өмнөх онуудад хийсэн ажлуудаас сонирхуулбал төгсөгчдийг гадаад орнуудад мэргэжлийн давтан сургалт, семиннар, чуулга уулзалтад оролцуулж, “Мэдээллийн технологи – Тогтвортой хөгжил” семинарыг Мэдээллийн технологийн үндэсний паркт, Дорнод аймагт “Залуу эхчүүдийн сургалт, түүний гарын авлага”, Баянгол дүүрэгт ”Хүүхэд хамгаалах сургалт, багш нарт зориулсан гарын авлага” зэрэг арга хэмжээ, төслүүдийг хэрэгжүүлжээ.
Ойрын хугацаанд шинээр батлагдсан Нэмүү өртгийн татварын тухай хууль, Арбитрын хууль эрх зүйн орчныг шинэчлэл, Ус, гео мэдээллийн систем, хавдрын шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг асуудлаар мэдлэг, мэдээлэл солилцох семинар, хэлэлцүүлгийг тухайн салбарын албаны хүмүүс, мэргэжилтэн, шинжээчдийг оролцуулж зохион байгуулах гэж байна.
Мөн төгсөгчдийн хийсэн судалгаа, гарын авлага, сургалтын материалыг нэгтгэн мэдээллийн бааз бий болгох ажлыг хийх гэж байна.
Эх сурвалж:zaluu.com