Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ой долоон сартай охиноо орхиж явсан хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Тэгвэл охиноо хаясан 24 настай Д гэгчийг төрсөн эгчийнх нь хамт энэ сарын 12-нд шүүхээр болжээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 117.2-т зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүх юм. Хэрвээ шүүх тэднийг буруутай гэж үзвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна. Хэргийг эргэн сануулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө мэдээлэл ирсэн байдаг.
Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, орцонд хүүхдээ хаяж явсан эхийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, охиныг эмнэлэгт хүргэсэн. Охины хоёр уушги нь битүү хатгаатай, витамины хэт дутагдалд орсон, нүдэнд нь цагаа унасан, хөлд ороогүй байсан юм. Сайхан сэтгэлтэй эхчүүд, эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч охин 2016 оны 01-р сарын 13-ны өдөр өвчнөө дийлэлгүй нас барсан билээ.
эх сурвалж:zaluu.com